27/01/2026
Эцэг эх, асран хамгаалагч нарт өгөх зөвлөмж
Хүүхдийн сурлагын амжилт, хүмүүжилд гэр бүл–сургуулийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул дараах зөвлөмжийг мөрдөхийг хүсье.
1. Хичээлийн бэлтгэл, ирц
• Хүүхдийг хичээлд цагтаа, тогтмол суухад анхаарч хэвшүүлнэ үү.
• Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг бүрэн бэлтгэж, цэгцтэй байлгахад дэмжлэг үзүүлнэ үү.
• Хичээл таслах, хоцрох тохиолдолд албан ёсны тайлбар, мэдээллийг анги удирдсан багшид цаг тухайд нь өгнө үү.
2. Гэрийн даалгавар, давтлага
• Хүүхдийн гэрийн даалгаврыг тогтмол хийж байгаа эсэхийг хянаж, дэмжиж тусална уу.
• Даалгаврыг хүүхдийн оронд хийж өгөхөөс илүүтэй бие даан хийхэд нь чиглүүлж, ойлгоогүй зүйлд тайлбар өгч туслаарай.
• Өдөр тутмын давтлага, унших цагийн дэглэм тогтооход анхаарна уу.
3. Харилцаа, ёс зүй
• Хүүхдэд багш, сурагч, сургуулийн ажилтныг хүндэтгэх, зөв боловсон харилцах хандлагыг төлөвшүүлнэ үү.
• Сургууль дээр болон цахим орчинд дүрэм, ёс зүйн хэм хэмжээг баримтлахыг сануулж хэвшүүлээрэй.
4. Эрүүл мэнд, аюулгүй байдал
• Хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, өвчтэй үед хичээлд явуулахгүй байх, мэдээлэхийг хүсье.
• Замын хөдөлгөөний болон аюулгүй байдлын дүрмийг тогтмол сануулж, мөрдүүлэхэд хамтран ажиллана уу.
• Гар утас, цахим хэрэглээг зохистой түвшинд хянаж чиглүүлнэ үү.
5. Сургуультай хамтран ажиллах
• Эцэг эхийн хурал, уулзалт, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.
• Хүүхдийн сурлага, хүмүүжилтэй холбоотой асуудлаар анги удирдсан багш, сургуулийн удирдлагатай тогтмол харилцаатай байгаарай.
• Сургуулиас өгч буй мэдээлэл, мэдэгдлийг анхааралтай уншиж, дагаж мөрдөнө үү.
Хүүхэд хамгааллын баг