04/08/2026
Авах, гээхүйн ухаанд зөв суралцвал
Амьдрах үйл илүү хөнгөн болно.
Алдахаас чинь сэргийлэх зүйлсээс ухаарал авч, алдаанд хөтлөх зүйлсийн анхааралгүй гээж сурах хэрэгтэй.
Орчлон гэгч олон өнгөнөөс бүрдэнэ. Сайхан муухай бүхэн сүлэлдэн оршино. Гэвч, сайхан бүхэн сайн биш, муухай бүхэн муу биш байж болно. Сайн бүхэн зөв, муу бүхэн буруу биш байж ч мэднэ.
Гагцхүү тэдгээрээс шүүн тунгааж, амьдрахад дэмтэй боловч асуудалд оруулахгүй, өөрийг тэтгэвч өрөөлийг хорлохгүй, өнөөдөр тустай ч ирээдүйг сүйтгэхгүй тийм л чухлыг нь сонгон авч үйлээ залах учиртай. Харин тиймгүйг нь хаяж, гээж сурах ёстой юм.
Бидний сэтгэхүй гэвч булингартсан мэт болчихсон тул бурууг нь дандаа авч, зөвийг нь үргэлж орхиж, гээдэг зан үйлд гаршжээ. Авах гээхүйн ухаанд тун буруу суралцсан байна.
Ийм сэтгэхүйтэй байгаа цагт жаргах тухай бодоод нэмэргүй, хөгжих тухай мөрөөдөөд бүтэхгүй.
"...Бат чин зоригоор номын амтыг авах
Бахдах сайхан үгсээр олон мэргэдийн эрдмийг авах
Баясгалант сайхан царайгаар олон улсын дурыг авах
Байх эд таваараар цагийн жаргалыг авах
Атгаг буруу увдисыг заагч багшийг гээлтэй
Ачийн хариуд хор хүргэгч чивэлт садныг гээлтэй
Алгасангуй явдалд оруулагч хилэнцэт нөхрийг гээлтэй
Алдар нэрийг гутаагч муу нэрийг гээлтэй"
(Авах гээхийн 4 мөрт шүлэг)
Төгс зүйл гэж үгүй тул харсан, сонссон, уншсан, учирсан бүхнээ авах гээхүйн ухаанаар тунгаан бодож, зөвийг нь авч, бурууг нь гээж сур.
Хэчнээн хэрэггүй мэт санагдавч хэнд ч, юунд ч авах зүйл байж л байдаг. Хэчнээн хэрэгтэй мэт санагдавч хэнд ч, юунд ч гээх зүйл бас байж л байдаг.
"Хар авдарт эрдэнэ бий
Хазгар өвгөнд эрдэм бий" (Монгол зүйл үг)
Ухаанаа хурцалж, оюунаа тэлж, сэтгэлээ тогтоо
Урдах замд чинь бэрхшээл үгүй болно.