30/08/2026
AI ХӨГЖИХ ТУСАМ МОНГОЛ ХҮНИЙ ЭРДЭМ ИЛҮҮ ЧУХАЛ БОЛНО
Өнөөдөр бид хаашаа явахаа GPS-ээс асууж, юу үзэхээ алгоритмаар сонгуулж, юу идэхээ аппликэйшнээр шийдүүлдэг болсон. Сошиал орчны мэдээллийн урсгал бидний юуг сонирхох, юунд итгэх, заримдаа юу бодохыг хүртэл чиглүүлж байна. Одоо хиймэл оюун ухаан бидний бичих, орчуулах, тооцоолох, зураг бүтээх, мэдээлэл хайж боловсруулах ажлын улам их хэсгийг хийдэг болсон.
Мэдээж энэ бүхэн муу зүйл биш. Технологи бол хүний оюуны бүтээл. Зөв ашиглаж чадвал бидний боломжийг асар их тэлнэ. Харин бид өөрсдийнхөө өмнөөс хийлгэх зүйлээ нэмсээр байгаад өөрсдөө хийж чаддаг зүйлээ цөөрүүлээд байгаа юм биш биз?
Монголчуд зөвхөн их юм мэддэг болохыг эрдэм гэж үздэггүй. Амьдралд учраа олдог, аливааг арга эвээр зохицуулдаг, ажил амьдралаа авч явдаг, зөв бурууг ялгадаг, хийсэн үйлдээ эзэн болдог хүнийг л эрдэмтэй хүн гэж үнэлж ирсэн.
Тиймээс монгол ахуйд хүүхдийг зөвхөн хэлж сургадаггүй, хийлгэж сургадаг. Айл гэрийнхээ ажилд оролцоно, малаа маллана, галаа түлнэ, усаа авна, ахмадаа сонсоно, байгаль цаг агаарын аясыг ажиглана. Уг нь хотод амьдарлаа гээд энэ ухаан алга болох учиргүй. Хийх ажил нь өөрчлөгдөж болохоос хүүхэд гэр бүлийнхээ амьдралд оролцож, насандаа тохирсон үүрэг хүлээж, өөрийнхөө хийж чадах зүйлийг өөрөө хийж сурах хэрэгцээ өөрчлөгдөхгүй.
Гэтэл өнөөдөр бид дэлхийн нөгөө талд юу болж байгааг хэдхэн хормын дотор мэддэг атлаа аминд тулбал гал ч асааж чадахгүй болж байна. Хүүхдүүд олон зуун амьтны нэрийг гадаад хэлээр мэддэг хэрнээ хурга, ишгээ ялгахгүй, цаг агаарын мэдээг утаснаасаа хардаг хэрнээ тэнгэрийн шинж, салхины аясыг ажиглаж мэдэхгүй өсөж байна.
Хүүхэд бүр мал маллаж, гал түлэх ёстой гэж байгаа юм биш. Харин их юм мэддэг болохыг эрдэмтэй болж байна гэж андуурч болохгүй гэсэн үг.
Бидний мэдэх зүйл үнэхээр их болсон. Харин өөрсдөө хийж чадах зүйл маань бас нэмэгдэж байна уу?
Мэдээллийг интернэтээс авна. Мэдэхгүйгээ AI-аас асууна. Хэрэгтэй мэдлэгээ хэдхэн хормын дотор олно. Энэ бол өнөө цагийн асар том боломж. Гэхдээ олсон мэдээллээ үнэн худлаар нь ялгах, мэдсэнээ зөв хэрэглэх, аливааг өөрийн ухаанаар тунгаах, хэрэгтэй үед өөрөө шийдвэр гаргаж, өөрийн амьдралаа авч явах чадварыг технологи бидний өмнөөс эзэмшиж өгөхгүй.
Мэдээлэл ихтэй байх нэг хэрэг. Мэдлэгтэй байх бас нэг хэрэг. Харин эрдэмтэй байх түүнээс өөр.
Эрдэм гэдэг толгойд хэдий хэмжээний мэдээлэл хадгалснаар хэмжигдэхгүй. Мэдсэн зүйл нь хүний ухаан, чадвар, зан чанар, дадал, үйл болон тогтож, амьдрал дээр хэрэг болдог болсон цагт эрдэм болно.
Тиймээс AI-ийн эринд хүүхдэд AI ашиглахыг заах нь мэдээж хэрэгтэй. Харин AI-гүй үедээ өөрөө бодож чаддаг байх нь түүнээс дутахгүй чухал. Интернэтээс мэдээлэл олж чаддаг байхаас гадна үнэн худлыг нь ялгаж чаддаг, дэлхийтэй цахимаар холбогдохын зэрэгцээ дэргэдэх хүнтэйгээ зөв харилцдаг, технологийг сайн ашиглахын зэрэгцээ бодит амьдралд өөрийн учраа олдог хүн болгон төлөвшүүлэх хэрэгтэй.
Хиймэл оюун ухаан бидний өмнөөс бичиж, орчуулж, тооцоолж, мэдээлэл боловсруулж чадна. Харин хүнийг энэрэх сэтгэл, хайрлах ухаан, үүрэг хариуцлага, ёсыг таних мэдрэмж, зөв бурууг ялгах үнэлэмжийг бидний өмнөөс эзэмшүүлж чадахгүй. Эх орон, эх хэл, гэр бүл, өв соёлтойгоо хэн болохоо холбон ойлгох тэр мөн чанарыг бид өөрсдөө л төлөвшүүлнэ.
Тэгэхээр AI хүнээс илүү ухаантай болох эсэхээс айх нь гол биш юм. Харин AI улам ухаантай болох тусам бид өөрсдөө улам чадваргүй болж үлдэх вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.
Монгол хүний эрдэм гэдэг хуучнаа санагалзаж, өнгөрсөн рүүгээ буцах тухай яриа биш. Харин шинэ бүхнийг сурч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхдээ өөрийн ухаанаар тунгааж, өөрийн гараар хийж бүтээж, амьдралд учраа олж, үйлдээ эзэн байж чадах хүнийг төлөвшүүлэх тухай ойлголт юм.
AI бидний мэдэхгүйг хэлж өгч чадна. Харин бидний өмнөөс эрдэмтэй хүн болж чадахгүй.