11/06/2026
НОМЫГ ИНГЭЖ ААТАЙ БИЧНЭ ГЭДЭГ АЙХТАР ХОВСЧИН ХҮНИЙ Л АЖИЛ ЮМ ДАА
Газарт байхдаа зав гарсангүй гэх боловч яг үнэндээ гар утас оролдоод ном уншиж чадахаа байсан би тэнгэрт буюу онгоцонд явахдаа интернет үгүйн эрхэнд эхлүүлж амжихгүй байсан номоо барьж авав.
Таван цаг нисэж явахдаа сэтгэлээрээ далаад жилийн тэртээх Монголын баруун хязгаарт бөө хүүхдийн амьдралаар амьдарч, хамт сургуульд орж, хачирхаж гайхаж, айж ширвээтэж, халтар царайлж, адлагдаж дээрэлхүүлж уншлаа. Оргох гэж оролдож, орших эс оршихын заагт тулж, ичиж нэрэлхэж, эрэмшиж омогшоод эсэн бусыг үзэж, жаргаж зовж уншлаа.
"Хөх тэнгэр сонсож бай" романы үргэлжлэл "Саарал газар"-ыг уншсан минь энэ.
….Онгоцонд сууж явснаа түсхийтэл ганцаараа инээгээд л, хүүхдүүдийн хорон үгтэй, шорон хэлтэйг гайхаад л, тэгснээ айж сэжиглээд, цээрлэж ярвайгаад сүүл рүүгээ бөмбөртөл чичирч, мэлмэртэл уйлав… Хажууд сууж явсан "жинзи" үеийн хүүхэд намайг часхийсэн эрүүл хүн биш байна гэж бодоод жийрхсэн болов уу? Яасан бол? хэ хэ.
“Ийм ном унших хэрэг байна уу? Ингэтлээ уйлах гэж” хэмээн нөхөр маань санаа зовинонгуй хэлэв.
- Уншилгүй яах вэ... Уншина. Би энэлж биш эдгэрээд уйлж байна, бас талархаад уйлж байна“ гэж хариулаад цүнхнээсээ нулимсаа арчих алчуур самбай хайв.
Хүүгээ хөгшчүүл дээрээ үлдээлгүй дэргэдээ авсандаа баярлаад уйлав. Хүүхэд гэдэг амьтныг хайхраагүйгээс сүнс нь яаж гэмтэж, сэтгэл нь яаж гундаж байдгийг ухаарч уншив. Хүн хүнээ яаж энэрч бас эмтэлж болдгийг, хүйтэнд хөрч, хөр цасанд хайруулан байж уншив.
Оргодол хүүхдийг хайж, осгож үхэх вий гэж айж, олсон хойноо баярлаж, онгод сахиуст нь талархаж уншив. Удган модыг тайралцаж, уул усыг хилэгнүүлж, хайртай дотны хүнээ алдаж, харамсал гэмшил тээлцэн уншив. Хатуу дарс хүнд хэзээ хань болдгийг ойлгож уншив. Хайр үзээгүй зүрхийг хайлан өрөвдөн уншив.
Амсдаггүй байсан ээжтэй нь архи балгаж согтуурч уншлаа, аав Шыныкбайд нь агсан тавилцаж, гомдож уншив.
Эрдэм номын замаас битгий гаргаарай дүү нарыг минь гэж эцсийн захиасаа хэлж байгаа ахыг өрөвдөн ихэр татав.
Хүн бүрд өөр өөрийн өнцгөөр ухаарал ирнэ буй заа.
Өчнөөн жилийн өмнөх түүх, 70 жилийн тэртээхийг хүүрнэж байгаа нь өнөө цагийн бидний тухай яриад байгаа ч юм шиг. Үүх түүх гэдэг чинь ингээд л давтагдаад байдаг юм уу даа. Үрийн чинь үр үлдэх хорвоо шүү, өнөө цагт алдаа багахан хийгээрэй гэж судсаар урсах цусанд, яс маханд янгинуулан хэлэх шиг.
Ээж маань багынхаа явдлыг ярихад итгэмээргүй санагддаг байсан зүйлсийг Чинагийн Галсан гуайн номоос уншихаар эвлүүлдэг зураг нийлэх мэт ой тойнд тодрон буув... Эмэгтэй хүүхэд, бага балчир гэлтгүй “Зуны даалгаварт зурам олныг алж, арьсыг нь авчирч тушаа” гэдэг байсан, лус савдгийг тэгэхэд л их гомдоосон байх гэж ярьж байсан сэлт нь санаанд орно.
Цэцэгний үрийг суулгахад маргааш нь ургачихдаггүйтэй адил үйл боловсроход цаг хугацаа ордог ажээ. Тэр цагт хийсэн үйлийн үр энэ цагийнханд яаж бууж байгааг ухаарч, энэ үед бидний хийсэн болон хийгээгүй зүйлсийн үр түйтгэр ирэх цагийнханд яаж очихыг бодож зүрхшээж уншив.
Номыг ингэж аатай бичнэ гэдэг айхтар ховсчин хүний л ажил юм даа. Онгодтой бөө хүний бичсэн юм гэж олон жил өнгөрөх тусам улам үнэ цэнтэй болдог юм болов уу даа.
Таван цаг онгоцонд дэнслүүлээд донслуулаад, гайхуулаад ганцаардуулаад, жаргааж зовоогоод, хөглөж дэглээд, хүчин мөхөстүүлж, хөөргөж бас дэвсүүлээд юу юуг ч үзэв.
Энэ жаахан хүүхэд тэрхэн хооронд ямар ч их юмыг үзэж туулаа вэ дээ?
Ай тэр орчуулагч бол үнэхээр тасархай орчуулжээ. Зохиолч бээр анх герман хэлээр 27 жилийн өмнө бичсэн гэж байгаа. Яаж ингэж гоё буулгадаг байна аа. Махан биеийг эрүүл хоолоор тэжээдэг бол сэтгэл зүрхээ ийм гоё нандин номоор хааяа нэг тэжээж байхад яах вэ дээ.
Ном бичнэ гэж гэж үүнийг л хэлдэг байх хэмээн уярч ухаарсаар нойтон энгэртэй, халтар нүүртэй газар буулаа, би...
Ай, саарал газар минь өршөө!
Degi Chadraabal
2026.06.01