06/02/2026
Монголын Англи хэлний багш нарын холбоо (ELTAM)-г төлөөлөн МУБИС-ын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи хэлний тэнхимийн багш Шархүүгийн Тунгалаг 2026 оны 1 дүгээр сарын 30–31-ний өдрүүдэд Непал улсын нийслэл Катманду хотод зохион байгуулагдсан “ELT for NextGen: Teaching for People, Planet, and Peace” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо. Непалын Англи хэлний багш нарын холбоо (NELTA)-оос зохион байгуулсан тус хоёр өдрийн олон улсын хурал нь англи хэлний боловсролын орчин үеийн чиг хандлага, шинэлэг сургалтын арга зүй, судалгаанд суурилсан туршлага, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцсэнээрээ онцлог байв. Зохион байгуулагчдын мэдээлснээр уг хуралд дотоод, гадаадын нийт 800 орчим англи хэлний багш, судлаач оролцжээ. Хурлын эрдэм шинжилгээний хөтөлбөрт 5 үндсэн илтгэл, 6 нэгдсэн хуралдаан, 8 онцлох илтгэл, нэг хэлэлцүүлэг, NELTA-ийн орон нутгийн түвшний симпозиум, судалгааны өгүүлэл, семинар, интерактив үзэсгэлэн зэргийг багтаасан нийт 134 зэрэгцээ салбар хуралдаан зохион байгуулагдсан байна. Энэхүү хуралд Непал, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка, Малайз, Хятад, Сингапур, Монгол, Япон, Хонг Конг, Их Британи, АНУ зэрэг 15 орны багш, судлаач, сурган хүмүүжүүлэгч, хэл заах арга зүйн мэргэжилтнүүд оролцож, англи хэлний боловсролын чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүллээ. Ш. Тунгалаг нь ELTAM-ыг төлөөлөн “AI Integration and Digital Literacies in English Language Teaching” сэдвээр онцлох илтгэл тавьж, англи хэлний сургалтад хиймэл оюун ухаан, дижитал бичиг үсгийн чадварыг нэвтрүүлэх боломж, чиг хандлагын талаар олон улсын түвшинд санал солилцсон юм.