17/08/2014
Захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт эцэг эх, сурагчдадаа “Сайн байна уу? Сайхан зусч байна уу?” гэсэн монголчуудын уламжлалт сайхан мэндчилгээг дэвшүүлэн, 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн жилийн мэнд хүргэе!
Энэ хичээлийн жилд та бүхний өмнө манай цогцолбор сургууль үүд хаалгаа нээж, “Тавтай морилно уу” хэмээн урьж байна.
Америк-Монголын хамтарсан “Монгол Од” цогцолбор сургууль нь сурагчдад үндэсний болон олон улсын боловсролын шилдэг технологи арга зүйтэй сургалт, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчныг санал болгож байгаа юм. Сурагчид маань англи хэл, математикийг гүнзгийрүүлэн судлахаас гадна хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн дугуйлан, секцүүдэд өөрийн сонирхлоор хичээллэх, хүүхдийн хоногийн хоолны үндсэн шимт илчлэгийн хэрэгцээг мөрдлөг болгосон тохилог цайны газарт үдийн цай, өдрийн хоолоо идэх зэрэг боломжтой нь манай сургуулийн онцлог, давуу тал юм.
Монгол түмний аугаа их эрдэмтэн Б.Ринчин гуай. .... Монголчууд цөөн байна. Монгол улс нөлөө муутай байна. Тийм учраас нэг монгол эрдэмтэн, нэг монгол хүн хэд хэдэн хятад, орос, америк эрдэмтэн хүнтэй эн тэнцүү мэдлэг боловсролтой, ухаалаг, эвтэй баймааж, тооныхоо цөөнийг нөхөж олон болно. Монгол улс ч Орос, Хятад, Америк улстай адил нөлөөтэй болно гэж хэлсэн байдаг.
Энэ эрдэмтэний хэлсэн үг өнөөдөр Монголчуудад туйлын хэрэгтэй, өдөр тутам санаж бодож, хичээж явах эрхэмлэх зүйл нь гэж бодож байна.
Өнөөдрийн Монгол хүүхэд бүр дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол эзэмшиж, эх орон, ард түмэн, гэр бүлээ хайрлах, хөгжүүлэх сэтгэлтэйгээр зөв төлөвшиж чадваас Монгол улсын хөгжил хурдсах юм. Хүнээ хөгжүүлж чадсан улс л асар хурдацтай хөгжиж, иргэд нь эх орондоо сэтгэл хангалуун амьдардаг билээ.
Үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, ёс суртахуунтай, хариуцлагатай, зорилготой Зөв Монгол иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Мөн сурагч бүрээ Америкийн болон дэлхийн топ их, дээд сургуульд тэтгэлгээр суралцаж чадахуйц түвшинд хүргэх эрхэм зорилгыг тавин ажиллах болно.
Манай хамт олонд итгэж, биднийг зорьж ирсэн та бүхний итгэл найдварыг дээд зэргээр хангахын төлөө бид сэтгэл зүтгэл гарган ажиллах болно.
Ерөнхий захирал Phonda Palmer