23/09/2026
Нэлээн хэдэн жилийн өмнө Станфорд, Массачүсетус, Харвард зэрэг нэр алдартай их сургуулийн оюутнууд дунд quiz тэмцээн болж, аль сургуулийн оюутнууд зузаан мэдлэгтэй болохыг нь сорьсон юм байх.
Тэгтэл Токиогийн их сургуулийн оюутнууд хэний ч санаанд оромгүй хол тасархай түрүүлжээ. Тэдний асуулт сонссоноос хойш товч дарах хүртэлх хугацаа дундажаар ердөө 3 секунд гаруй байсан гэдэг.
Тэмцээний дараа Массачүсетусын их сургуулийн оюутан "Тэмцээний асуултууд арай дэндүү санаанд оромгүй асуултууд байлаа. Гэхдээ түүнээс ч илүү цочирдсон нь тийм сонин асуултуудыг ч гээлгүй хариулж байсан япон оюутнууд үнэхээр гайхалтай байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Үнэхээр тэмцээний асуултууд төрөл, жанрын хувьд байж боломгүй өргөн хүрээнд байсан ба "Бангкок хотын жилийн дундаж хур тундасны хэмжээ хэд вэ?", "Усайн Болт 100 метрийн дэлхийн рекорд тогтоосон гүйлтийн үеэрээ хэд алхсан бэ?", "Шопены зохиосон хөгжмүүдээс хамгийн удаан үргэлжилдэг нь хэдэн минут вэ?" гэхчлэн ёстой л эрээвэр хурааврын туйл байж. Тэгтэл хожим нь японы нэгэн сэхээтэн профессор ярилцлагадаа уг quiz тэмцээний талаар дурдаад, "Тэр тэмцээнд япон оюутнууд ямар ч боловсролгүй гэдгээ нотлон харуулж дэлхийн шившиг болсон" хэмээн хэлж орхих нь тэр. "Япон оюутнууд баахан сонингийн тасархай цуглуулж уншсан аятай хорголон мэдлэгтэй гэдгээ л харууллаа. Тийм системчлэгдээгүй мэдлэгийг бүтээлчээр хэрэглэх ямар ч боломж байдаггүй юм. Энэ бол японы дээд боловсролын системийн нэг ноцтой завхрал" гэхчлэн байдгаараа бухимдажээ.
Японоор чимх мэдлэгийг "мамэ мэдлэг" буюу буурцган мэдлэг гэдэг. Монголчлоод буулгавал хорголон мэдлэг гэж хэлж болох юм. Тарж бутарсан, уялдаа холбоогүй, эрээвэр хураавар, яг л хоргол шиг асгардаг мэдлэг гэсэн дүрслэл.
Хорголон мэдлэг хэчнээнийг ч цуглуулаад хүн мэдлэгтэн болохгүй. Учир нь тийм цуглуулга цогц бус, нэг ёсондоо системчлэгдээгүй болохоор тэр. ДНХ нь дизоксирибонуклейн хүчил гэх үгийн товчлол болохыг мэддэг байснаараа биологийн цогц мэдлэгтэн болчихгүй. Харьцангуйн ерөнхий онол тойрсон 10 сонирхолтой яриа мэддэг байх нь Харьцангуйн ерөнхий онолыг томьёоноос нь суралцаж, өөрийгөө аль хүртэл нь ойлгоод, алинаас цааш ойлгохгүй байгаагаа ухамсарлахаас ялгаатай.
Сонирхолтой нь ердийн хүмүүс системтэй мэдлэгтнээс (буюу тухайн мэргэжлийн хүнээс) хорголон мэдлэгтнийг илүүтэй мэдлэгт хүн гэж дүгнэх хандлагатай байдаг гэнэ. Учир нь системтэй мэдлэгтэн өөрийнхөө салбарын гүн гүнзгийг танихын хэрээр өөрийнхөө мэдэхгүй мужийг анзаарч чаддаг тул аливаа асуудалд эцсийн хариулт хэлэхээс зайлсхийх хандлагатай байдаг аж. "Энэ чинь ийм ш д" гэж хэлэхээс илүүтэй "Ийм байх гэж үзэж байна", "Ийм байх магадлалтай" маягийн бөөрөнхийдүү хариулт хэлэх нь бусдыг эргэлзээнд оруулдаг байж мэдэх юм. Нөгөөтээгүүр нэгэнт мэргэжлийн гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн мэдэхгүй зүйлээ нууж хааж, айж ичилгүй ил тод хэлчих зүрхтэй байдаг нь нөлөөлдөг байх талтай. Хорголон мэдлэгтнийг илүү үнэлдгийн нэг бодит жишээ нь яг манай спорт тайлбарлагчид гэж боддог юм. Эфирээр хэн нь олон хоргол хаясан нь сайн тайлбарлагч болж харагддаг гажсан өрсөлдөөн цаана нь өрнөөд байдаг юм шиг. Хувьдаа би яагаад ч юм монгол сувгаар хөл бөмбөгийн тэмцээн ч юм уу жудогийн тэмцээн үзэх бүрдээ дээрх япон оюутнуудын бахархам амжилтын түүхийг эргэж санаад болдоггүй юм. Манай тайлбарлагчдын хорголон мэдлэг төгсөшгүй, дуусашгүй, жаргашгүй, ер ямар баян гэж санана! Уг нь ч илүү дутуу хадууралгүй, яг одоо өрнөж байгаа тоглолтын тайлбартаа нэг лавхан орчихвол хэсэгтээ сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг л дээ (хувийн л сэтгэгдэл).
Түүнээс гадна хорголон мэдлэгтнүүд өөрийгөө ч бас мэдлэгтэн гэж дүгнэх хандлагатай байдаг гэнэ. Энэ нь Dunning-Kruger effect гээчтэй тодорхой хэмжээнд холбоотой. Dunning-Kruger effect гэдэг нь товчдоо бол "Хүн мэдлэг, чадвар сул байхын хэрээр өөрийгөө өндрөөр үнэлдэг" гэх сэтгэлзүйн хэлбийлтийг (bias) хэлдэг. Аливаа мэдлэгийн салбарыг өнгөц шагайж харах төдийд ерөнхийдөө ойлгомжтой юм шиг сэтгэгдэл төрөх нь бий. Харин улам гүнзгийрүүлэн ухах тусам асуудал төсөөлснөөс хавьгүй ээдрээтэй, түвэгтэй болохыг сая ойлгож ирнэ. Тиймээс юмыг тэгтэл нь гүнзгийрүүлж ухалгүй, өнгөцхөн баримжаалаад орхих нь өөрт илүү тухтай мэдрэмж төрүүлдэг биз.