19/04/2026
Монголын Үл Хөдлөх Хөрөнгийн Зах Зээл
Өмч гэдэг зөвхөн ханын цаана буй орон зай биш.
Энэ бол хувийн өмч, хүний эрх чөлөөний илэрхийлэл юм.
Хувийн өмч гэдэг ойлголт хэрхэн төрөв
1991 он. Монгол Улс дөнгөж социализмын сүүдрээс гарч, шинэ нийгмийн босгон дээр зогсож байлаа. Тэр жил батлагдсан "Өмч хувьчлах тухай хууль" нь зүгээр нэг хуулийн баримт бичиг байгаагүй. Арван сая хүний амьдралын философийг өөрчилсөн түүхэн шийдвэр байсан юм.
Улсын үйлдвэр, байгууллагуудын эд хөрөнгийг хувийн өмчид шилжүүлснээр Монгол хүн анх удаа өөрийн гэсэн зүйлтэй болох эрхийг хуулиар баталгаажуулав. Үүнийг дагаад орон сууцыг эзэмшигчдэд нь, хашаа байшингийн газрыг эздэд нь үнэ төлбөргүй хувьчилсан алхам нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн жинхэнэ суурийг тавьсан юм.
Ингэснээр "үл хөдлөх хөрөнгө" гэсэн ойлголт онолын дэвтрээс гарч, ард түмний өдөр тутмын амьдралд шингэж эхлэв.
Анхны алхамууд
1990-ээд оноос өмнө Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэх ойлголт практик утгаараа огт байгаагүй. Бүх зүйл төрийн гарт, бүх шийдвэр дээрээс доошоо. Хувийн өмч гэдэг ойлголт өөрөө хориглогдсон тогтолцоо дотор үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал хэрхэн ч үүсэх аргагүй байлаа.
1997 оны 10 сар бол Монголын үл хөдлөх хөрөнгийн түүхэнд тэмдэглэн үлдээх огноо юм. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн нэг ажилтан дөрвөн хүний хамт "Монгол Зууч" нэртэй анхны зуучлалын компанийг үүсгэн байгуулав. Энэ жижиг алхам нь Монголын бизнесийн түүхэнд шинэ бүлэг нээсэн үйл хэрэг болжээ.
Нэг жилийн дараа, 1998 онд Америкийн хөрөнгө оруулалттай "Инфо Хаус" ХХК байгуулагдав. Гадаадын мэдлэг, туршлага Монголын зах зээлд анх удаа нэвтэрч эхэлж буйн тэмдэг байв. Гэвч тухайн үеийн эдийн засгийн орчин, зах зээлийн бэлэн бус байдал, хүмүүсийн ойлголтын хомсдол зэрэг нь эдгээр бизнесүүдийн хөгжлийг удаашруулав. Тоотой хэдхэн зуучлагч үйл ажиллагаа явуулаад, олонх нь удалгүй хаалгаа барив.
2005 он бол Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ эрин эхэлсэн он юм. Хотжилт эрчимжиж, хүн ам нийслэлд төвлөрч, орлогын түвшин аажмаар өсч эхэлсэн энэ үед зах зээл жилээс жилд тэлж, зуучлалын бизнес бодит хэлбэр олов.
Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбар нь Монгол Улсын хамгийн эрчимтэй хөгжиж буй салбаруудын нэг болоод байна. Хэдхэн арван жилийн өмнө огт байгаагүй энэ зах зээл өнөөдөр тэрбум төгрөгийн гүйлгээтэй, олон мянган мэргэжилтнийг ажилтай болгосон бүхэл бүтэн салбар болон өргөжлөө.
Нийгмийн сэтгэлзүй
Монгол хүн үл хөдлөх хөрөнгийн зуучаар дамжуулан хэлцэл хийх соёлд харьцангуй саяхнаас суралцаж эхэлсэн. Үүний шалтгааныг ойлгохын тулд хэдэн зүйлийг ажиглах хэрэгтэй.
Нэгдүгээрт, шийдвэрийн өндөр үнэ цэн. Хүн амьдралынхаа туршид үл хөдлөх хөрөнгө худалдан авах шийдвэрийг дунджаар ердөө хоёр, гурав удаа л гаргадаг. Тэр шийдвэр бүр 60 саяаас 200 сая, зарим тохиолдолд бүр хэдэн тэрбум төгрөгийн гүйлгээтэй холбоотой.
Хоёрдугаарт, энэ бол зүгээр нэг худалдан авалт биш. Орон сууц, газар гэдэг хүний болон гэр бүлийнхээ ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Үр хүүхдийнхээ өвийн талаар санаа тавьж буй эцэг эх, шинэ амьдрал эхлүүлж буй залуу хос, бизнесийнхээ суурийг тавьж буй аж ахуйн нэгж эдгээр бүгдэд зөв шийдвэр гаргах нь амин чухал.
Гуравдугаарт, сонголтын нарийн төвөгтэй байдал. Зах зээл хөгжихийн хэрээр худалдан авагчийн өмнө тавигдах асуулт ч нэмэгддэг. Үнэ, байршил, дэд бүтэц, барилгын чанар, орчны аюулгүй байдал, сөхийн үйл ажиллагаа, ирээдүйн үнийн өсөлт зэрэг бүх зүйлийг нэгэн зэрэг жинлэж, зөв шийдвэр гаргахад мэргэжлийн мэдлэг зайлшгүй шаардлагатай.
Яг энэ цэгт мэргэжлийн агент, брокерын үнэ цэн илэрч гардаг.
Үргэлжлэл бий...
19/04/2026