02/03/2022
Зангиатай архичины амьралаас гарсан минь.
Энд пост бичихэд заримдаа надаас маш их зориг шаарддаг. Сэтгэлийн минь нуух хаах, ичих зүйлгүй үнэн илчлэлт энд явагддаг болхоор. Аав ээж минь олж уншаад гомдох вий ч гэсэн болгоомж байдаг. Тэд минь муу огтоос биш юм шүү. Зүгээр л бүгдэд байдаг ч цөөхөн нь сөхдөг асуудал....
Ихэнхэд маань миний муу бүхнийг бусад, нийгэм мэдээд намайг гадуурхах вий гэсэн далд айдастай учир л тэд маскаа үргэлжлүүлэн зүүсээр л байдаг.
Тэрнээс миний бичдэг сэдвүүд бүгдэд л адилхан байдаг асуудлын нэг дээ.
Нэг ч гэсэн хүн энэ бүхнээс холдоосой гэсэн чин хүсэл оргилж, ичих нүүрээ далд хийн өөрт байсан асуудлаа бичлээ.
Энэ их эвгүй нэр байгаа биз. Ажлын газрын хүний амнаас бид ер ийм юм байна гэдэг үгийг анх сонсож байлаа. Сонссон даруйд их эвгүй санагдсан ч сэтгэл дотроо бол хүлээн зөвшөөрөөгүй ээ.
Бид өөр та л тийм юм байгаа биз гэх ухааны юм бараг ярьж байлаа.
Гэтэл хөрсөн дээрээ буугаад ирэхээр алдарт яг 2-3 жил Баасан ахыг алгасахгүй тэмдэглэсэн. Хүн хархад өдөр бүр уугаад байдаг хуучны бидний мэддэг архичин шиг биш ч, 7 хоногт тогтмол 1-2 бол бас асуудал юм шүү. Гэхдээ үүнийгээ хүн асуудал боддоггүй юм билээ. Стрессээ тайлна, хамт олонтойгоо нэгдэнэ, ойлголцоно гэх ухааны сайхан үгээр далдлаастай.
Яавал гэж ажил хийж байхад иймэрхүү юм байлгүй яах вэ? гээд л өөрийгөө зөвтгөнө өмөөрнө.
Ер нь бол эрүүл харилцаа гэдэг зүйлийг огт мэдэхгүй сэтгэлийн боловсрол дутуугийн л илрэл л дээ. Согтуудаа ажил ярьж ойлголцоно ч гэх шиг☺️☺️☺️.
За тэгээд алдарт тэмдэглэлт өдөр ирэхээр пиво 4-5 шилээр нь ууна, маргааш өдөр нь шартана, шөнөдөө бөөлжинө. Тэгэж их биеийн зовлон эдлэж байгаа хэрнээ дурлаад байдаг байсан.
Ингэж явсаар Bat-Uyanga Baatar найздаа загнуулан барин анх, Цогтын Амгалан багшынхаа Инж...Гинж-д сууж байсан. Дараа нь Очирын бороо залгаад суусан. Энэ 2 тренингт нус нулимстайгаа холилдон суусны дараагаас энэ өөрчлөлт бага багаар явагдаж эхлэсэн юм билээ. Эхэн үедээ анзаараагүй.
Нэг л мэдхэд гэртээ эрт ирдэг, охидууддаа яардаг, өөрийнхөө дотоод гоо сайхныг авч хэлэлцдэг, баасан байсан ч гэр лүүгээ яардаг болсон.
Сүүлд бодоод байхад тэгэж уудаг байсан минь цэвэр миний сэтгэлзүйтэй холбоотой байсныг ойлгосон. Ууж мансуурч сэтгэлийн дотор байгаа асуудлуудыг мартагнана. Тэр л түрхэн зуурын марталтанд ДОНТОЖ баасан алгасахгүй тэмдэглэдэг байж.
Харин тренингүүдэд явсаны ачаар тэр ууж мартдаг байсан асуудалтайгаа өөрөө эрүүлээр учираа олоод ирхээр нөгөө донтолтын шинжтэй зүйлс огтоос хэрэггүй болсон байгаа юм.
Ингэж л би жаргалтай эмэгтэй, жаргалтай ээж байх зөвшөөрлийг өөртөө өгсөн байсан даа.
Одоо бол би өөртөө маш хямгатай эрхэмсэг ханддаг болсон. Миний шоудалт өөртөө гаргах, өөрийгөө эрхлүүлэх цагаар солигдсон. Зүрхний хэдхээн найзтайгаа уулзаж, спа, бариа, маш гоё амттай хоол идэж эрүүлээр хөгжилдөнө. Хангалттай тансагласан ч санхүүд хэмнэлттэй ккк.
Болсон болоогүй уулзаж уудаг байсан найзуудаас хөндйирсөн, уух саналд шударгаар үгүй гэж хэлж чаддаг болсон.
Баяртай Тэмдэглэлт Баасан гараг минь.
Hi, Эрүүл жаргалтай Баасан гараг минь.