Ембүү Батчулуун Batchuluun Yembuu

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu Эх орон-Эх Дэлхийгээ танин мэдэхэд тусалж, газарзүйн шинжлэх ухааны мэдлэг түгээхийг хичээнэ.

"Олсон"-оо хуваалцана.

Буух эзэнтэй, буцах мөртэй байхыг эрхэмлэж, мэдээллийн найдвартай эх сурвалжид тулгуурлана. Газарзүйн ухааны доктор, профессор Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим

Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн тэргүүн https://www.geoforum.mn/mn/85/0

"Геофорум" (ISSN:2617-5118) сэтгүүлийн эрхлэгч

Газарзүйн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном зохиогчдын багийн ахлагч

Бүтээлтэй танилцах: https://www.researchgate.net/profile/Batchuluun-Yembuu/research

Бичсэн ном

"Дэлхий судлал" ном. 7 дахь хэвлэл, 2023 он: https://www.researchgate.net/publication/370839327_Delhij_sudlal_Earth_Science_7th_edition

The Physical Geography of Mongolia (Editor) by Springer Nature: https://link.springer.com/book/10.1007/978-3-030-61434-8

Монгол орны физик газарзүй (Ред) ном, 2020: https://www.researchgate.net/publication/342591772_Mongol_orny_fizik_gazarzj_The_Physical_Geography_of_Mongolia

Газарзүйн англи-монгол, монгол-англи толь. 3 дахь хэвлэл: https://www.researchgate.net/publication/357252904_Gazarzjn_angli-mongolmongol-angli_tol_Dictionary_of_Geography_English-MongolianMongolian-English_3rd_Edition

Газарзүйн боловсролын үндэс ном, 2 дахь хэвлэл, 2021: https://www.researchgate.net/publication/362618316_Gazarzjn_bolovsrolyn_ndes_2_dah_hevlelIntroduction_to_Geography_Education_Second_edition

Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс (Ред): https://www.researchgate.net/publication/352872612_Nijgem-edijn_zasgijn_gazarzjn_ndes_Introduction_to_Human_Geography

Физик газарзүйн нэр томьёоны тайлбар толь, 6 дахь хэвлэл: https://www.researchgate.net/publication/351516342_Ernhij_fizik_gazarzj_Tajlbar_tol

Архангайн Тариатад байдаг Хорго галт уул. Хамгийн сүүлд ойролцоогоор 7200 жилийн өмнө дэлбэрсэн гэж тогтоожээ,  сүүлийн ...
22/08/2026

Архангайн Тариатад байдаг Хорго галт уул. Хамгийн сүүлд ойролцоогоор 7200 жилийн өмнө дэлбэрсэн гэж тогтоожээ, сүүлийн судалгаагаар. Өмнө нь 9000 жилийн өмнө гэдэг байв. Ямартаа ч залуу галт уул гэсэн үг. Уг нь сөнөсөн галт уул. Заримдаа "унтарсан" гэж бичсэн харагддаг ч нэг их буруу зөрүү биш ээ. Юмыг яаж мэдэхэв, хичнээн ч юм, хэдэн мянга, хэдэн зуун сая ч юм жилийн дараа дахин идэвхжихийг хэн мэдлээ👶. Хорго галт уулын дэлбэрэлтээс урсан гарсан лаав Суман голыг хааснаас болж Тэрхийн Цагаан нуур үүссэн хэмээдэг.

Нуурын эргээр явахад хар бараан өнгийн чулуун хучаас байдаг даа, тэр бол лааван бүрхэвч. Дэлхийн гүнд байдаг магма галт уулын дэлбэрэлтээр гадарга дээр ил гарч ирснийг нь лаав гэдэг гээд сургуульд үздэг дээ, тэр нь энэ. Зураг дээр лаавын тархсан талбай, Тариат сумын төв, зам болон тэр орчмын гадаргын хэлбэрийг хараарай. Хажуугаар нь л давхиж өнгөрөөд байдаг газрынхаа орон зайн баримжаа авахад тус болно.

Энэ лаав арзгар, барзгар, айхтар ирмэгтэй, нүх сүв ихтэй байхыг бодоход "Aʻā" лаавын төрөлд багтах байх. Ирмэгтэй чулуу дээр гишгэж, хатгуулан Аа гэж дуу алддагаас үүссэн нэр гэх юм билээ. Өөш манханы оройгоор тархсан нь бол "pillow lava" -тай их төстэй: https://www.facebook.com/share/p/1EGKqDCpwG/ Дэр шиг хэлбэртэй гэж ойлгоход болно.
Зураг дээр бага сага тайлбар бичив.

Хорго галт уул, Тэрхийн Цагаан нуурын талаар судалгаа нэлээд бий ч монгол хэл дээр цөөхөн. Ж-нь энэ, монгол дээр: https://www.researchgate.net/publication/359187271_Terhijn_Cagaan_nuuryn_hotgoryn_morfodinamik_hgzil

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu 2026.8.22



Ус, салхинаас өгсүүлээд мөс, цас, цэвдэг аль нь ч ялгаагүй байгалийн үзэмж бүтээгчид юм. Энэ зөгийний үүр шиг ч гэмээр, ...
21/08/2026

Ус, салхинаас өгсүүлээд мөс, цас, цэвдэг аль нь ч ялгаагүй байгалийн үзэмж бүтээгчид юм. Энэ зөгийний үүр шиг ч гэмээр, элэгдсэн тор татсан ч юм шиг өвөрмөц гадарга бол цэвдгийн бүтээл-Лена мөрний адаг. Нисдэг тэрэгнээс авсан зураг гэнэ.

Орос, Канадын хойгуур чийглэг, хүйтэн байдгаас болоод нэлдээ зузаан цэвдэг тархаж, олон янзын урлан бүтээдэг, даанч тэр болгон хүн хүрэхээргүй газрууд. Юу гэвэл, өвөл маш их хөрч, хөрс агшин ан цав гарна. Хавар нь тэр ан цав руу хайлсан ус орох ч доороо цэвдэгтэй тул хөлдөж, мөсөн шаантаг үүсгэнэ. Дараа өвөл дахиад ан цав гарна, өмнө үүссэн мөсөн шаантагны дагуу дахин хагарч, ус орно. Сая, сая жилийн турш энэ үйл явц давтагдсаар байгаад олон өнцөгт тор шиг ийм хэлбэр үүсдэг аж.

Анзаардаггүй байж магадгүй, ж-нь: NYC хүрэх онгоц Канадын хойгуур дайрна, цонхоор харагддаг. Дурандвал бүр олон янзыг харж болно. Өдрийн нислэг, үүлгүй бол шүү дээ. Гэхдээ голдуу цэлмэг. Учир нь ус чийг ихтэй хэр нь агаар хүйтэн учраас ууршилт тун бага, иймд арктик орчимд үүл багатай.

Манай оронд цэвдэг тархсан ч Арктик шиг тэгтлээ хүйтэн биш, бас хуурай учир яг энүүн шиг биш ч гэсэн олон янзын өвөрмөц хэлбэр зөндөө дөө.

Ice-wedge polygon-Полигонально-валиковый рельеф-Цэвдгийн олон өнцөгт даланцаг (Геоморфологич З.Мөнхөө багшийн орчуулснаар)

Мерзлотные (криогенные) формы рельефа-Цэвдгийн рельефийн хэлбэр: https://studfile.net/preview/10319054/page:57/

Е.Б. Дэлхий судлал. Цэвдэг гарлын рельеф. хууд 99. Нуурын газарзүйн тархалт, Нууржилт хууд. 265-266. Өмнө оруулсан шар номд бий. Үзэх: https://www.researchgate.net/publication/351516342_Ernhij_fizik_gazarzj_Tajlbar_tol

Зургийн эх сурвалж: https://www.sciencephoto.com/media/690727/view -Lena Delta, Siberia (AI-Assisted: No гэсэн тэмдэглэгээтэй)

https://streetart-ekb.livejournal.com/654779.html -Полигональная тундра

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu 2026.8.21



Америкийн Геологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Мөстлөгийн геологи-той холбоотой нэр томьёо юм байна, энэ линк рүү ороо...
20/08/2026

Америкийн Геологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Мөстлөгийн геологи-той холбоотой нэр томьёо юм байна, энэ линк рүү ороод аваарай: https://pubs.usgs.gov/of//2004/1216/text.html
1987 оных. Их хуучин мэт санагдах ч байгалийн юм бол хуучирдаггүй. Мөс гэж юу, дайрын хурдас буюу морен гэж юу, дотроо ямар ялгаатай, яаж үүсдэг, цаснаас мөс хэрхэн үүсдэг гэхчлэн мэргэжлийн тодорхойлолтууд. Ж-нь: цас гэхэд цас биш, мөс гэхэд мөс бишийг нь фирн гэдэг. Өөр бас нэг нь энэ: https://paos.colorado.edu/~fasullo/1060/resources/glacial.glossary.html

Зөвхөн газарзүй гэлтгүй ГЕО/GEO язгуураар эхэлсэн чиглэлээр суралцагчид, судлаачид, сонирхогчдод хэрэгтэй байж магад. Гэснээс, Газарзүй бол зөвхөн газар судалдаг биш, уг нь бас ГЕО язгууртай, географи гэсэн үг юм л. Geography, geology, geomorphology, geodesy... гэхчлэн Geoscience юм бгаан. Геоморфологи гэх газарзүйн салбар ухааны нэрийг тэр чигээр нь авсан боловч Географи -ийг орчуулсан нь тоогүй болжээ гэж үздэг дээ. Бурхан багш нар минь өдийд байсан бол хэлэлцэхсэн, юмны цаад наадахыг эргэцүүлэхтэйгээ болж иртэл тэд нар минь алга. Я/я, Ш.Цэгмид, З.Мөнхөө, Ч.Дүвжир, М.Баянтөр, Б.Гунгаадаш багш нар энэ саналыг юу гэх байсан бол доо. Геологи, биологи, физик гэдэг шиг л байх байсан даа. Уг нь ч эхэндээ Географи гэдгээр нь явсан л байдаг юм.

Энэ шар ном байгаа бол гол ойлголтууд арай дэлгэрэнгүй бий, анхных нь 1998 онд гарсан Физик газарзүйн нэр томьёоны тайлбар толь. Юм ховор үед нэг хэсэг их моодонд орсоон. Тэр үед ийм сайхан "будаа"-нууд байсан ч болоосой🧐. Цэнхэр нь бол зөвхөн 2 хэлний толь (словарь). Холбоотой үгс бараг л байгаа байхаа.
https://internom.mn/ хайлт дээр бичихээр гарч ирнэ.

Оюутнуудад зориулсан газарзүйн: https://itseducation.asia/geography/
Glossary of geography terms (A–M) https://en.wikipedia.org/wiki/Glossary_of_geography_terms_(A%E2%80%93M)

https://www.unesco-floods.eu/wp-content/uploads/2022/06/192525eng.pdf -Энэ нь ЮНЕСКО-гоос гаргасан, арай гүн талдаа юм байна, 21-р хууд-аас эхэлж буй.

Дэлхийн цаг уурын байгууллагынх- https://globalcryospherewatch.org/glossary/ Cryosphere Glossary

Физик газарзүйн нэр томьёоны тайлбар толь, 6 дахь хэвлэл. Үзэх: https://www.researchgate.net/publication/351516342_Ernhij_fizik_gazarzj_Tajlbar_tol

Газарзүйн англи-монгол, монгол-англи толь. 3 дахь хэвлэл. Үзэх: https://www.researchgate.net/publication/357252904_Gazarzjn_angli-mongolmongol-angli_tol_Dictionary_of_Geography_English-MongolianMongolian-English_3rd_Edition

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu 2026.8.20

Намрын сар гарав, билгийн тооллоор. Сэрүү орох нь нарны илч буурч буй хэрэг биш, харин нар тусах өнцөг нь багасаж байгаа...
16/08/2026

Намрын сар гарав, билгийн тооллоор. Сэрүү орох нь нарны илч буурч буй хэрэг биш, харин нар тусах өнцөг нь багасаж байгаагаас болно. Эхний 2 зурагт үзүүлсэн шиг. Зүйрлэвэл, гар дээрээ чийдэнг эгц баривал нэлээд хална, хазгай тусгавал халахгүй, гэхдээ гэрэлтүүлнэ. Зураг дээрх шиг. Харин нарнаас ялгарах энерги бол өөрчлөгдөхгүй, зун ч тэр, өвөл ч тэр адилхан. Ингэхэд нар гэж юу вэ?

Манай галактикт (зөвхөн манай шүү) багтах 100 тэрбум хол давсан оддын дотроос бидэнд ойр оршдог ганц л од байдаг нь Нар гэдэг нэртэй. Бусдаар бол Нар шөнө тэнгэрт харагддаг ижил сүрэгтэйгээ эгээ адилхан, бүгд устөрөгч, гелийгээс бүрддэг хийн бөмбөлөг. Бас бүгдэд нь устөрөгчээс гелийд шилжих цөмийн урвал тасралтгүй явагддаг, ингэснээр асар их энерги ялгаруулдаг. Ойрхон оршдог болохоороо л нарных нь дэлхийд ирдэг онцлогтой. Гэхдээ л нарнаас гарсан гэрэл 8 минут явж бидэнд ирнэ. Бусдынх бол төсөөлөх ч юм биш, орших зай нь бүүүүр хэдэн арав, зуун жилээр яригдана. Ж-нь: Алтан Гадас од биднээс олон зуун тэрбум км хол буюу 447 гэрлийн жилийн зайтай. Ухаандаа, АГ шатаад дуусчихлаа гэж төсөөлбөл 447 жилийн дараа л алга болсныг нь мэднэ гэсэн үг. Өнөөдөр бол бидэнд 1579 оны төрх нь харагдаж байгаа хэрэг. 2026-447=1579. Уг нь нарнаас 46 дахин том боловч ийм хол учир АГ гэж ганц жижиг цэг шиг од байдгийг бид мэднэ. Юун тэр халуун нь ирэх барих🤓.

Бусад нь ч бас ямар гоё нэртэй билээ дээ, Маралын Гялаан, Хөхдэй Мэргэн гээд л...Зөвхөн гэрэл нь л харагддаг. Тээр хол асаж буй түүдэг гэрэл нь харагдавч дулаан нь ирдэггүйтэй адил.

"Гэрлийн жил" гэдэг нь гэрлийн хурдаар нэг бүтэн жил туулах зай энээ тэрээ гээд газарзүйгээр энэ сэдвүүдийг үздэг дээ. Нар хүртэл 150 сая км. Үлгэрт гардаг шиг ядаж нэг тэрбум км зайд дахиад нэг од байсан бол яах байсан бол?

Дэлгэрүүлж үзэх бол: Е.Б.Дэлхий судлал. Нар ба одод.
Е.Б. ба бусад. Газарзүй-IV. 10-р ангийн сурах бичиг.

Polaris-Алтан Гадас

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu 2026.8.16

Номхон далайн хойд хэсэгт хэдэн газар хар салхи үүсжээ, өнөөдөр. Зураг дээрх ногоон, ягаан дүрсүүд дээр дарвал нэр ус, х...
09/08/2026

Номхон далайн хойд хэсэгт хэдэн газар хар салхи үүсжээ, өнөөдөр. Зураг дээрх ногоон, ягаан дүрсүүд дээр дарвал нэр ус, хүч хурд нь гарна. Замнал дээр нь дарвал хэрхэн саарч байгаа нь ч харагдана. Ж-нь: Тайван, Шанхай орчим дахь нь Dolphin (Дельфин) нэртэй, хүч нь 140 км/цаг буюу 39 м/сек, Шанхай чиглээд буурч байгаа аж. Аяндаа замхарна. https://zoom.earth/maps/pressure/ =36.6,103.6,4z/model=icon/date=2026-08-09,22:00,+8 Хөдөлгөөнт-интерактив зураг.

Гэснээс, энэ бол Азид тайфун гэж нэрлэдэг халуун орны циклон, бид хар салхи гэдэг. Байсгээд л халуун орны далай дээр үүсдэг тул ялгахын тулд хар салхи болгонд нэр өгдөг. Бүр их хүчтэй, тээр жилийн Катерина шиг биш л бол их усан бороо шороо дагуулсан хүчтэй салхи л юм. Мод унах, дээвэр хийсэхээс өгсүүлээд хүчтэй салхи ямар байдаг яг л ижил. Ялгаатай нь маш их бороо дагуулна. Тэр болгон ч тэнгэр газар хөмрөөд байхгүй.

Юу гэвэл, тээр жил Хонконг-д ОУ-ын олимпиадын үеэр хар салхи болж, төлөвлөсөн экскурс хойшилсноос өөр юм болоогүй. Сонин үзэгдэлтэй таарсандаа бүгд баяртай. Гэтэл манайд айхтар юм болж байна гэж сүржин мэдээлснийг үзсэн эцэг эх хүүхдээ асууж сураглаад нэлээд юм болж билээ. Манайд ч энэ хүрч салхилах нь байдаг шүү дээ, тэрүүн шиг болж байгаа болтой, энэ зураг дээр үзүүлсэн газруудад. Их салхитай үед онгоц хойшлох энээ тэрээ бишгүй болдогтой ижил гэх үү дээ.

Хар салхи гэх энэ тропикийн циклон халуун орны далай дээр л үүсэх ба экваторын 2 талаар зүүнээс баруун чиглэнэ. Хоёр дахь зураг нь: https://www.britannica.com/science/tropical-cyclone/
Манайх бол эндээс их хойш оршдог. Улсын хил гараагүй иймэрхүү зураг дээр Байгал нуураар баримжаалахад зүгээр🧐.

Тропикийн циклоны тухай: Е.Б.Дэлхий судлал, 152-р хууд.

Е.Батчулуун 2026.8.8

Энэ хэдэн нуур ердөө 200-аад км-ийн радиус дотор оршино, Увс аймгийн нутаг, Их Нууруудын Хотгорын хойд хэсэг. Нэгээс нөг...
04/08/2026

Энэ хэдэн нуур ердөө 200-аад км-ийн радиус дотор оршино, Увс аймгийн нутаг, Их Нууруудын Хотгорын хойд хэсэг. Нэгээс нөгөө рүү очих амархан. Цаг давчуу ч газар үзье гэсэн хүнд бол нэг өдрийн л ажил.

Баруун доор харагдаж буй Хяргас бол бүр улаан зам дээр. Эндээс Улаангом хүртэл 130 гаран км, зам бол ширээ шиг сайхан. Нуурын тухай өмнө бичсэн: https://www.facebook.com/share/p/18xYpMTPnw/

Улаангомоос Увс нуур хүртэл 26 км саяхан цоо шинэ зам ашиглалтад орсон. Ийм зайг ямар хугацаанд туулахыг хэн хүнгүй мэднэ. Манай орны хамгийн том, бараг л хамгийн давстай, бас том нуур гэхэд хамгийн гүехэн. Эргээс нэлээд холдож байж л сая бүсэлхийгээр ус татна. Гэхдээ түүнд нь хууртаад элдэв эрсдэл гарах нь бий. Юу гэвэл, нуурын ёроол бол түмпэн сав, эсвэл аяганы ёроолтой огт адилгүй. Газар ямар байдаг билээ тэрүүн шиг арзгар барзгар, хонхор хотгор, зарим газраа гуу жалгатай, бүр нүх ч байж магадгүй, бас уултай, хадтай. Ер нь хонхордуу болохоос усаар дүүрсэн ердийн л газар шүү дээ. Заримдаа сороод аваад явчихдаг гэнэ лээ гэсэн яриа хөөрөө байдаг даа, энэ нь жалга таарсан гэсэн л үг, бүдүүн тоймоор хэлэхэд. Эрэгт нь очвол зах нь үл харагдах далай.

Зургийн зүүн гар талд байгаа нь Үүрэг нуур. Том биш, талбайгаар Увс нуураас 14 дахин бага боловч манайд эхний 10-д багтах нуур. Улаангомоос 100 км. Хойш чиглэн гарч тэгш сайхан замаар алгуур өгссөөр "Улаан даваа" гэх нэрэндээ таарсан өнгөтэй уулсын дундуур давна, д.т.д. 1,980 м өндөр. Цаашаа уруудаж, өгсөж, бас дахин уруудсаар Үүрэг нуур орно. Өдрийн цагт бол төөрч барих явдалгүй, зам бараг өөрөө хөтлөөд хүргэнэ. Тэр хавийн уулс ер нь л нүцгэн. Төмрийн исэл ихтэй чулуулгаас бүрдсэн тул улаан өнгөтэй биз ээ. Бас энэ улаан өнгө өгөршил ихтэй хуурай нутаг болохыг илтгэнэ. Энэ хавийн уул толгодыг харахад хэзээ нэгэн цагт, хэдэн арав, магадгүй хэдэн зуун сая жилийн дараа элэгдэлд орсоор, орсоор Перугийн Виникунка-Солонгон уул шиг болох биз ээ гэж бодогдоно. Энэ тухай тэмдэглэл өмнө бичсэн: https://www.facebook.com/share/v/1EgKZxn9ST/

Чулуу, шороо гээч тэр чигтээ элдэв төрлийн химийн элементийн хольц. Ямар элемент их байна, тэрийгээ дагаад өнгө, хатуу, зөөлөн, жин, нягт гээд өөр өөр болдгоос биш гарал үүслээрээ 3 төрөлд; шинж чанар, найрлагаараа 10 үндсэн төрөлд ангилагддаг тухай сургуульд үздэг, газарзүйгээр.

Үүрэг нуур ёстой л хадны завсар хавчуулагдсан гэх үг жинхэнэ тохирохуйц, битүү хонхорт үүссэн өвөрмөц тогтоцтой. Гэлээ гээд газар нь өндөр, огцом намсана. Бараг нуур хүрэхийн алдад газрын өндөр д.т.д. 1,540 м байснаа төдхөнөө 100 м буурч нуурын урд эрэгт 1,440 м гарч байна лээ, зураг оруулав. Энэ нь Увс нуураас бараг 2 дахин өндөрт гэсэн үг. Увс нуур д.т.д.759 м. Зураг дээр баруун талдаа яльгүй сэтэрхий харагдах нь хамгийн том цутгал болох Харигийн гол орж ирж байгаа хэсэг, зүүн талынх нь нөгөө Улаан Даваа. Бусдаар бол тал талаасаа сүрлэг өндөр уулсын бэлээс уруудан буусан налуу тал нууртаа тулна. Эргийн шугамын хэрчигдэл бага, хэсэгхэн зайд бол шугам татсан мэт шулуун байдгийг нь зурагт үзүүлэх гэж хичээлээ. Захдуухан 2 жижиг арал цухуйх агаад шувууд их, Хяргасын Хэцүү хадтай төстэй харагдана.

Нуурын өмнө Цахир толгой орчимд хүрмэн чулуу их тархсан, ан цав их, цуурсан, толь хад үүссэн нь Үүрэг нуур тектоник, тэр тусмаа хагарлын грабен хотгорт үүссэнийг гэрчилнэ. Энэ нь зөрөг үүсэхэд доош суусан хэсэг, сурах бичигт зураг хөрөгтэйгээ байдаг, ЭЕШ энэ тэрд их ордог сэдэв, грабен, горст гээд.

Үүрэг нуурын хөвөөгөөр хүн амьтангүй, бараг эль хуль, наадмын үеэр л шавдаг байх. Өндөр газар болохоороо эрт сэрүүсдэг. Цахир толгойн дэргэд л ганц жижиг кемп бий. Ор хөнжил нь том буудлынх шиг цав цагаан, угаасаа тэр хавийнхан эвдрээгүй зан сайтай, жинхэнэ ориг сайхан амьдралыг харж болно тэнд.

Монгол орны нууруудын тухай газарзүйн судалгаа их хийгдсээн, одоо ч манай залуучуудын бүтээл чамлахааргүй их, интэрнэтээр ч дүүрэн бий. Энэ бол зөвхөн олон нийтэд зориулсан энгийн мэдээлэл болно.

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu 2026.8.4




Аляскад “газарзүй хийж” явна, проф. Sandag Khadbaatar . Шавь гэхээсээ илүү миний коллеги. Эхний зураг бол маш онцгой тэм...
29/07/2026

Аляскад “газарзүй хийж” явна, проф. Sandag Khadbaatar . Шавь гэхээсээ илүү миний коллеги. Эхний зураг бол маш онцгой тэмдэг. Тэр болгон ч аавын хүү очоод байдаг газар биш. Хойд туйлын цагариг х.ө. 66°33′. Цагариг гэхээр бүтэн тойрог болж таарах нь. Ганц энд ч биш, Орос, Канадын хойгуур дайрсан зэргэдийн шугам юм.

Туйл руу нэлээн дөхсөнийг илтгэж байгаадаа ч бус, гол нь бүтэн хоног-24 цаг зундаа бол шөнө болохгүй, өвөлдөө бол бас бүтэн хоног нар гарахгүй байдаг нутгийн зааг шугам. Үүнээс чанад ийм хоногийн тоо нь нэмэгдсээр байгаад туйл дээр 6 сар-180 хоног хүрнэ. Улирлаасаа хамаараад зундаа бол өдөр. өвөл бол шөнө. Одоо тэнгэрийн хаяа тойроод үргэлж нартай байх ч хүйтэн, ийм нимгэн хөрстэй гэнэ.

Бас 1964 оны “алдартай” газар хөдлөлийн ул мөр, Куук-ийн булан дахь мөсөн гол гээд сонин юмнууд үзэж яваа гэнээ, мань хүн. геоморфологи, геологи заадаг, хөрс судалдаг хүнд үүнээс илүү сайхан “наадам” юу байх билээ.

Аляска явахаар бол зөвхөн туйлын туяа үзэх биш, ийм тэмдэг дээр нь очоорой. Очсон хүн өөр сонин сайхнаа хуваалцаарай.

Айхтар гай гамшиг дагуулсан газар хөдлөлийн түүхийг ч аялал жуулчлалд татах үзмэр болгочих юмаа эднүүс. Манай Их Богд, Булнайн хагарал дээр ч ийм юм хийвэл “хэрэгт дуртай” нэгэнд зүгээр юм. Хөвсгөлийн 50, 100 шиг.

Зургийг зөвшөөрөлтэй оруулсан болно. Манай хүн өөрөө FB-д чадвар муутай, саяхан нэг хаяг нээмэр аядсан, би л “шар хүний өмнөөс”, бас атаархаад 🥹.

Polar circle-Туйлын цагариг
Северный полярный круг-Хойд туйлын цагариг

Ембүү Батчулуун Batchuluun Yembuu 2026.7.28


Иссык-куль орох бол бас нэг үзэх газар нь энэ-Каракол
27/07/2026

Иссык-куль орох бол бас нэг үзэх газар нь энэ-Каракол

Иссыккуль нуурын тухай
26/07/2026

Иссыккуль нуурын тухай

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ембүү Батчулуун Batchuluun Yembuu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share