07/09/2026
АШУҮИС, АУС, ХБЭС-ын тэнхим, МЯЭ-ийн Дурангийн тасаг, Азийн эмч нарын холбоотой (AMDA) хамтран “Улаан хоолой, ходоодны варикозын менежмент” сэдэвт сургалт явагдаж, дурангийн EISL ажилбарын ажлын байран дахь гардан сургалт хийлээ.
2026 оны 9 дүгээр сарын 1–2-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасаг, Азийн эмч нарын холбоотой (AMDA) хамтран “Улаан хоолой, ходоодны варикозын менежмент” сэдэвт онол, дадлага хосолсон гардан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй Хоол боловсруулах эрхтэн судлалын болон хоол боловсруулах замын дурангийн эмч нарын улаан хоолой, ходоодны варикозын оношилгоо, эрсдэлийн үнэлгээ, дурангийн эмчилгээний талаарх орчин үеийн мэдлэгийг шинэчилж, практик ур чадварыг дээшлүүлэх зорилготой байв. Сургалтад УБ-хотын II ба III шатлалын, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Гастроэнтерологи дурангийн нийт 15 эмч хамрагдсан бөгөөд Японы Кокура Мемориал эмнэлгийн Гастроэнтерологи, дурангийн эмч, Анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн зочин профессор Ясүюки Ширай зочин багшаар оролцов.
Сургалтын эхний өдөр: Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасагт эмнэлзүйн гардан дадлага зохион байгуулж, дурангаар тарилгын хатуурлын эмчилгээ хийх арга болон цианоакрилат эдийн цавуу ашиглан ходоодны варикозыг эмчлэх аргачлалыг бодит эмнэлзүйн тохиолдлуудад үзүүлэв. Зочин профессор Ясүюки Ширай тохиолдол бүрийн эмнэлзүйн онцлог, эмчилгээний заалт, аргыг сонгох үндэслэл, ажилбарын өмнөх бэлтгэл, техникийн гүйцэтгэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх болон ажилбарын дараах хяналтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, оролцогч эмч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтын хоёр дахь өдөр: Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасагт эмнэлзүйн ажилбарууд үргэлжилж, үдээс хойш АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Дурангийн сургалтын төвд онолын болон загвар дээрх дадлага сургалт зохион байгуулав. Онолын сургалтын хүрээнд профессор Ясүюки Ширай “Үүдэн венийн даралт ихсэлтийн гемодинамик ба дүрс оношилгооны үнэлгээ”, “Улаан хоолой, ходоодны варикозын дурангийн эмчилгээний зарчим” сэдвээр лекц уншив.
Онолын сургалтын дараа дурангийн сургалтын загвар ашиглан гардан дадлага явуулж, оролцогч эмч нар шаардлагатай багаж, хэрэгслийг зөв сонгох, бэлтгэх, варикозын байрлал, хэмжээнээс хамааран эмчилгээний цэгийг тодорхойлох, тарилгын эмчилгээг техникийн зөв дарааллаар гүйцэтгэх, цианоакрилат эдийн цавуутай аюулгүй ажиллах, ажилбарын үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх ур чадварт суралцав. Оролцогчид зочин багшийн шууд удирдлага, зөвлөгөөний дор дадлага хийж, эмнэлзүйн практикт тулгардаг асуудлуудаар санал солилцон, асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэв.
Улаан хоолой, ходоодны варикозын цус алдалт нь яаралтай тусламж шаарддаг, амь насанд аюултай хүндрэл тул дурангийн эмчээс нарийн мэргэжлийн мэдлэг, техникийн өндөр ур чадвар шаарддаг. Энэхүү сургалт нь онолын мэдлэгийг бодит эмнэлзүйн ажилбар болон загвар дээрх дадлагатай хослуулж, Япон улсын туршлагатай мэргэжилтнээс шууд суралцах боломж олгосноороо онцгой ач холбогдолтой боллоо. Түүнчлэн улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын эмч нарыг хамруулснаар улаан хоолой, ходоодны варикозын оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга барилыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, цаашдын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй сургалт болов.