21/11/2021
“ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БАГШ” ШАЛГАРУУЛАЛТЫН ШҮҮГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
ХҮНДЭТ ШҮҮГЧ: ДОНДОВЫН ЭНХТУЛГА
(Боловсролын удирдлагын докторант)
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Сургалтын албаны дарга Дондовын Энхтулга нь бага боловсролын математикийн багш мэргэжилтэй. Боловсролын удирдлагын менежер, Боловсролын удирдлагын магистр, докторант.
Дондовын Энхтулга нь нийслэлийн 84-р сургууль, “Оюуны нахиа” дунд сургуульд 13 жил багш, сургалтын менежерээр, БСШУЯ-ны “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт сургалтын агуулга хариуцсан мэргэжилтнээр 4 жил, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтэд Бага боловсролын математикийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, Хүүхдийн хөгжилд оролцогч талуудын хамтын ажиллагаа хариуцсан арга зүйч, Сургалтын албаны даргаар 9 жил, нийт 26 жил боловсролын салбарт ажиллаж байна.
Багшийн мэргэжлээр ажиллаж байх хугацаандаа Соросын сангийн “Мэтгэлцээн ба илтгэлийн боловсрол” хөтөлбөрийн сургагч багш, Монголын оюун ухааны академийн сургагч багшаар ажиллаж, сурагчдын математик, сэтгэн бодохуй, илтгэх ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр амжилттай ажиллахын зэрэгцээ Удирдлагын академийн Боловсролын Удирдлагын менежерийн анги, Дэлхийн Залуу удирдагчдыг бэлтгэх “Сосоковагийн сан”-гийн тэтгэлгээр Боловсролын удирдлагын магистрын ангид суралцаж, “Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажлыг хийсэн судлаач багш байлаа.
2005 оноос бага боловсролын сурагчдад зориулсан 1-5 дугаар ангийн Математик, Монгол хэлний хичээлээр эзэмших мэдлэг чадварыг үнэлэх дасгал ажлын ном, “Тоглоомоор дамжуулж бодлого бодоцгооё” гарын авлага, XO компьютерийн гарын авлагуудыг сургагч багш А.Отгонжаргал, Т.Энхбаяр нартай хамтран боловсруулсан нь үндэсний хэмжээнд давхардсан тоогоор 100 гаруй мянган хувь хэвлэгдэж, хүүхдийн хөгжилд бодит хувь нэмрийг оруулж байна.
2008 оноос өнөөг хүртэл БШУЯ-ны хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн сургагч багш, БМДИ-ийн арга зүйч, албаны даргын ажлыг гүйцэтгэж буй хугацаандаа Монгол орны 21 аймаг 9 дүүргийн ЕБС-ийн багш, удирдах ажилтнуудын хувь хүний болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг байгууллагынхаа мэргэжил нэгт нөхөдтэй хамтран зохион байгуулсаар байна.
Д.Энхтулга БНХАУ, Япон, Чех, Австри улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, мэргэжлийн хөгжил, хувь хүний чадваруудаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа боловсрол судлаач юм.