10/09/2026
УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны энэ өдөр бид эх орон, ард түмнийхээ ирээдүй, тусгаар тогтнолын төлөө амь нас, залуу насаа зориулсан улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дээдэлдэг.
Монгол улсад 1920-1950-иад оны хооронд үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд 30 гаруй мянган хүн өртөж, тэдний 20 гаруй мянга нь цаазлуулан, олон мянган өрх гэр, үр хүүхэд нь сэтгэл санаа болон амьдралын гүн хүнд цохилтод орсон байдаг. Тэдний дунд төр, нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, шинжлэх ухааны манлайлагчид, шашин номын мэргэд болон жирийн малчид олноор байв.
Түүхийн энэхүү гашуун сургамж бидэнд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн үнэ цэнийг цаг үргэлж сануулж байдаг. Тэдний гэгээн дурсгал, зүтгэл бидний сэтгэлд мөнхөд оршиж, ирээдүй үед маань сургамж, бат бөх суурь болон үлдэнэ.
Мартах эрхгүй түүх — Мартаж болохгүй сургамж.🇲🇳🇲🇳🇲🇳