04/01/2026
"Чиний амьдарч байгаа газар, өмсөж буй хувцас чиний ирээдүйг тодорхойлохгүй. Харин чиний толгойд юу байгаа нь л бүхнийг шийднэ."- Энэ бол миний зарчим гэх үү дээ.
"Тэтгэлэг" гэх шидэт үг анх сонсохдоо би 15 настай байлаа. Тэр үед интернэт гэдэг зүйл дөнгөж л сураг төдий, бүх зүйл одоогийнх шиг нээлттэй биш, мэдээлэл хомс цаг үе. Би Дэнжийн мянгад амьдардаг, 28-р сургуулийн жирийн л нэг сурагч байв. Магадгүй та Дэнжийн мянгын шороо бужигнасан гудамж, өвлийн тэсгим хүйтэнд нүүрсний утаан дунд гэр рүүгээ алхдаг тэр мэдрэмжийг мэднэ дээ? Яг л тийм орчинд, бусдын адил "Маргааш яана аа?" гэдэг асуулт дунд миний өсвөр нас өнгөрч байсан юм.
Ангийнхан маань нэг л өөр, зарим нь дээрэлхүү. Хүүхэд л болсон хойно бусдын өмсөж зүүсэнд атаархах, өөрийгөө голонгуйрах үе бишгүй л гарна. Гэхдээ надад нэг зүйл байсан. Тэр нь "сурч мэдэх хүсэл". Би хичээл хийх дуртай, олимпиадад бэлддэг, ном харахаараа нүд нь сэргэдэг тийм л хүүхэд байв.
Яг энэ үед, 15-хан насандаа би ахаасаа "Тэтгэлэг" гэдэг шидэт үгийг анх сонссон юм. "Миний дүү, хэрвээ хичээвэл гадаадад үнэ төлбөргүй сурах боломж байдаг юм шүү. Тэрийг тэтгэлэг гэдэг..."
Энэ ганц өгүүлбэр миний харанхуй ертөнцөд гэрэл асаах шиг л болсон. Тэр үед би тэтгэлэг гэж яг юу болохыг, ямар шалгууртайг, яаж авдгийг юу ч мэдэхгүй. Гэхдээ л "Боломж байдаг" гэдэг үг надад хангалттай байлаа. Тэр мөчөөс эхлэн Дэнжийн мянгын гудамжаар алхахдаа би шороог биш, ирээдүйгээ харж алхдаг болсон юм.
69, 50, 29... Зүгээр нэг тоонууд бишээ, миний бага нас тийм ч тогтвортой байсангүй. Эцэг эх маань биднийг боловсролтой хүн болгох гэж чадлаараа л зүтгэдэг байв. 7 хүүхэдтэй айлын хамгийн бага охин болохоор ч тэр үү, аав ээж хоёр маань "Энэ мууг л хүний дайтай болгочих юмсан" гэж ямар их шаналж, хичээж байсныг би одоо л бүрэн ухаарч байна.
Анх 5 настайдаа Дэнжийн мянгад байдаг 68-р сургуульд ахтайгаа хамт орж байлаа. Ялалт кино театрын тэндээс Дэнжийн мянга хүртэл алхана гээд бод доо. Жаахан хүүхдийн хувьд энэ нь өдөр бүрийн асар их ядаргаа, тэвчээр шалгасан аялал байсан. Өвлийн хүйтэнд гар, хөл бээрч, уйлмаар санагдах үе зөндөө. Гэхдээ сурах ёстой гэсэн бодол намайг хөтөлдөг байсан байх.
Дараа нь 4-р ангид орох жилээ 50-р сургууль руу түр шилжив. Гэтэл удалгүй "Хөх тэнгэр" гэж англи хэлтэй сургууль байгуулагдахад ээж маань намайг англи хэлтэй болгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн тийш нь шилжүүлсэн юм. Гэвч миний насны анги байхгүй гээд намайг шууд 2-р ангид оруулчихав. Төсөөл дөө? Аль хэдийн мэддэг зүйлсээ дахин үзэх, өөрөөсөө дүү хүүхдүүдтэй суух нь надад үнэхээр залхмаар санагдаж байлаа. Дээрээс нь манай гэрийнхэн санхүүгийн асуудалд орж, төлбөрийг нь дийлэхээ больсон тул би арга буюу өөр сургуульд шилжин орсон түүхтэй.
Энэ олон сургууль дамжсан нүүдэл, шилжилт бүр надад нэг зүйлийг ойлгуулсан. Сайн боловсрол үнэтэй байдаг. Гэхдээ мөнгөгүй байлаа гээд бууж өгч болохгүй.
Ядуурлын улмаас дээрэлхэлт гэдэг үгийг, утгыг би үзэн яддаг.Хурцлагдах болсон шалтгаан минь ч гэсэн энэ. Шинэ сургууль, шинэ орчин бүрт "Шинэ сурагч" байх амаргүй. Ялангуяа санхүүгийн боломж тааруу, олон хүүхэдтэй айлын охин байх нь үе тэнгийнхний нүдэнд "олз" болж харагддаг үе байсан. 28-р сургуульд байхад үе тэнгийн хүүхдүүдийн дээрэлхэлт ширүүн байсан ч би тоогоогүй. Яагаад гэвэл надад зорилго байсан.
"Би заавал энэ амьдралаас гарна. Би заавал дэлхийн боловсролыг эзэмшинэ."
Аав ээж хоёр маань ч бууж өгөөгүй. Ядаж сүүлийн жилд нь хувийн сургуульд оруулчих юмсан гэж зүтгээд намайг нэгэн хувийн сургуульд оруулсан ч, ердөө 1 сар яваад л төлбөрийг нь төлөх боломжгүй болсон. Тэр үеийн мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй. Ангийнхнаасаа ичих, аав ээжийгээ өрөвдөх, өөрийнхөө арчаагүй байдалд гутрах... Ингээд л дахин 11-р ангидаа улсын сургууль руугаа шилжиж, тэндээ төгссөн дөө.
Гэхдээ энэ бүх бүтэлгүйтэл, энэ бүх шилжилт, энэ бүх дутуу дулимаг байдал намайг хурцалсан юм. 8-р ангид байхдаа би Англи хэлний TOEFL-ийн шалгалт, мөн гадаадад суралцах тэтгэлэг байдаг талаар "Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв"-өөс анх удаа бодитой мэдээлэл авч байлаа. Тэр өдөр би өөртөө амлалт өгсөн.
"Би ямар ч үнээр хамаагүй гадаадад сурна. Аав ээжийгээ, энэ амьдралыг би өөрчилнө."
Эхний том даваа бол яах аргагүй нулимс авчирдаг юм билээ. Аав маань тэр үед тэтгэвэрт гарчихсан, ээж маань гадуур юм үүрч наймаа хийдэг байв. Өвлийн хүйтэнд гадаа зогсож, гэр бүлээ тэжээх гэж зүтгэж байгаа ээжийгээ хараад зүрх зүсэгддэг байлаа. Тэд маань хамгийн сүүлийн боломжоо шавхаж, намайг 21 хоногийн хувийн багштай сургалтад явуулсан юм. Тэр мөнгө бол манай гэр бүлийн хувьд асар их мөнгө бөгөөд бас миний ч хувьд бараг сүүлийн боломж байсан байхөө.
Би хичээсэн. Үнэхээр их хичээсэн. Гэвч... TOEFL-ийн 600 оноо авах ёстой байсан ч би тэнцээгүй. 21 хоног гэдэг хэлний шалгалтад бэлдэхэд дэндүү богино хугацаа байж. Шалгалтандаа уначихаад гарч ирэхдээ би өөрийгөө үзэн ядаж байлаа. Ээжийнхээ ядарсан нүдийг яаж харах вэ? Аавынхаа итгэлийг яаж хөсөрдүүлэх вэ?
Тэр өдөр би дахиад л өөртөө амласан. "Би заавал тэнцэнэ. Болохгүй бол болтол нь зүтгэнэ."
Эцэг эхчүүд ээ, залуус аа! Миний эхлэл ийм л байсан. Гудамжинд шороо өшиглөж, мөнгөгүйн зовлонг мэдэрч, сургуулиас сургуулийн хооронд шилжиж явсан жирийн л нэг охин. Гэхдээ надад мөрөөдөл байсан. Тэр мөрөөдөл маань намайг Тайвань руу, дараа нь Америк руу, дэлхийн том компаниуд руу, эцэст нь олон зуун хүүхдэд боломж олгох "Гүүд Фоундэйшн" (Good Foundation) руу хөтөлсөн юм.
Гэхдээ энэ зам шулуун байгаагүй. Дараагийн дугаарт би та бүхэндээ оюутан цагийн хүнд хэцүү жилүүд, анхны бүтэлгүйтлүүд, Тайваньд хэрхэн хөл тавьсан, мөн дэлхийн боловсрол хүнийг хэрхэн өөрчилдөг тухай, тэр дундаа Америк боловсролын үнэ цэнийг биеэрээ мэдэрсэн түүхээ хуваалцах болно.
Өнөөдөр цаг үе өөр болжээ. Миний үед мэдээлэл хомс, боломж хязгаарлагдмал байсан. Харин одоо... Одоо Монголд байгаа мөртлөө, гэр бүлээсээ холдохгүйгээр, асар их зардал гаргахгүйгээр Америкийн боловсролыг эзэмших боломж буй болгосноо хараад “Хэрвээ тэр үед надад ийм боломж байсан бол би ээжийгээ тэгж их зовоохгүй байсан болов уу?” гэж залуусд атаархмаар ч юм шиг болдог.
Дараагийн нийтлэлээр уулзацгаая. Мөрөөдлөө хэзээ ч бүү орхиорой!
(Үргэлжлэл бий...)
Уншигч танд: Таны хүүхдэд эсвэл танд өөрт чинь яг ийм "шатах" хүсэл эрмэлзэл байна уу? Санхүүгийн бэрхшээлээс болоод мөрөөдлөө хойш нь тавьж байсан удаа бий юу? Сэтгэгдэл хэсэгт түүхээсээ хуваалцаарай. Бид бие биенээсээ урам зориг авах болно. Та ийм боломжийг шүүрч авмаар байна уу🥰🥰🥰, хүсвэл боломж бий гэж би хэлсэн шүү дээ.
#Мөрөөдөл #Тэтгэлэг #Боловсрол #АмерикБоловсрол
05/08/2024
04/08/2024
01/05/2024
20/12/2023
19/12/2023
10/12/2023