03/08/2026
"Уур амьсгалын өөрчлөлт ба асрахуй" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Булган аймгийн Орхон сумын Мааньт багт зохион байгуулагдлаа
2026 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ, "Бүх хайраа гэр бүлдээ" төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Асрахуйн эдийн засгийг бэхжүүлэх нь" бичил төслийн хүрээнд НҮБ-ын Нийгэмлэгийн "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" (Women, Peace and Security) хөтөлбөртэй хамтран "Уур амьсгалын өөрчлөлт ба асрахуй" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн малчин иргэдийн дунд амжилттай зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш бөгөөд хүний эрүүл мэнд, амьжиргаа, гэр бүлийн асрахуйн ажилд шууд нөлөөлдөг болохыг бодит жишээ, кейсүүдэд тулгуурлан хэлэлцүүлснээс гадна Орхон аймгийн музей нь VR цахим музейн үйлчилгээгээр иргэдэд соёл, түүхийн өвийг шинэлэг технологийн тусламжтайгаар хүргэн үйлчиллээ. Мөн Насан туршийн суралцахуйн төвөөс иргэд, хүүхдүүдэд уламжлалт тоглоом наадгайн хэсгээс зааж, сонирхолтой сургалт, танин мэдэхүйн олон талт үйл ажиллагаа зохион байгууллаа.
Түүнчлэн дараах агуулгын хүрээнд харилцан санал солилцож, оролцоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
• Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ус, бэлчээр, хүнс, эрчим хүчний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь малчин өрхийн асрахуйн ажлын ачааллыг хэрхэн нэмэгдүүлж буйг бодит нөхцөл байдалтай холбон ойлгох;
• Асрахуйн ажлын нийгэм, эдийн засгийн үнэ цэнийг танин мэдэж, өрхийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, асрахуйн ажлыг илүү тэгш, үр дүнтэй хуваарилах боломжийн талаар санал боловсруулах;
• Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулахад малчин өрхийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхэд, ахмад настны оролцоог хангах бодит арга хэмжээг тодорхойлох;
• Өөрийн өрх болон багийн түвшинд асрахуйн ачааллыг бууруулах, ус, түлш, эрүүл ахуй, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой санаачилга, үйл ажиллагааг хамтран төлөвлөх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Сургалт, хэлэлцүүлгийг Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, багш, ажилтнууд чиглүүлэн зохион байгуулж, зочин илтгэгчээр НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Хишигнэмэх оролцож, уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал, асрахуйн эдийн засгийн харилцан хамаарлын талаар мэдээлэл, туршлагаа хуваалцлаа.
"Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах бус, хүний өдөр тутмын амьдрал, асрахуйн хөдөлмөр, эмэгтэйчүүдийн ачаалал, гэр бүлийн сайн сайхантай холбон ойлгох нь өнөөдрийн хамгийн чухал сорилтын нэг юм. Асрахуйг хамтын хариуцлага болгож чадвал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх мөн нэмэгдэнэ."
— Н. Хишигнэмэх, НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга
Арга хэмжээг зохион байгуулахад сургалтын орчныг бүрдүүлж, асар майхан, ширээ, сандлын дэмжлэг үзүүлэн, малчин иргэдэд мэдээллийг шуурхай хүргэж хамтран ажилласан Мааньт багийн Засаг дарга Г. Хишигдорж, мөн орон нутгийн зохион байгуулалтад идэвхтэй оролцсон малчин Б. Баасанжаргал нарт сургалтын багийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Мөн үнэ цэнтэй цаг заваа зориулан хүрэлцэн ирж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцаж, судалгаанд оролцсон Мааньт багийн нийт малчин иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, асрахуйн ажлын үнэ цэнийг нэмэгдүүлэх, өрхийн хамтын оролцоог дэмжих, орон нутгийн иргэдийн дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Орхон Насан Туршийн Суралцахуй
Орхон Аймгийн Музей