01/01/2024
Шинэ ондоо олон сайхан зорилт тавиад ч, тэднийгээ биелүүлээгүй тэр оноо үддэгийн шалтгаан нь шинэ хүслийн маань эсрэг хамаагүй хүчтэй ажиллаад байдаг хуучин дадал зуршлууд.
Ухамсарт БИ хэчнээн хүсээд ч далд ухамсарт "Турах хэцүү шдээ", "Өдий насанд хэл сурна гэж юу байхав дээ", "За би чадахгүй биз дээ" гэсэн итгэл үнэмшлүүд байгаа бол нэг мэдэхэд л эдгээр үнэмшлүүдээр удирдуулаад амьдарчихсан, ирэх жил ахиад л "Турнаа", "Хэл сурнаа" гээд сууж л байна.
Ухамсараа дагаад "хүүхдүүдтэйгээ зөв харьцаж байна" гэсэн зорилгоо биелүүлэхээр явж байтал, стресстэй өдрүүд ирэхэд далд ухамсар гарч ирээд "Харж байна уу. Чи бид 2 худлаа. Яршиг өмнөхөөрөө л яв. Ингээд яваад болоод л ирсэн шдээ" гэж хэлдэг.
Учир нь далд ухамсар биднийг жаргалтай байлгахын төлөө биш, амьд гаргахын төлөө л байгаа учраас. Сайн мэдээ нь гэвэл далд ухамсар сэтгэл хөдлөл болон зураглан дүрслэхэд хууртдаг. Тиймээс ч шинэ он гарах болгонд хүмүүс зорилгоо төсөөлөн бодож, түүнийгээ биелчихсэн байгаа мэтээр нүдэндээ харж мэдрэхийг хичээдэг нь буруу бол биш.
Гэхдээ энэ удаад би шинэ онд тавих зорилтын талаар бичих гээгүй. Далд ухамсараа жаргалтай, амьдралын эерэг хандлагатай байх руу программчлахад тустай аргуудын нэг болох ТАЛАРХАЛ-н тухай бичих гэсэн юм..
Хүн бүр янз бүрийн зүйлс туулж яваа ч уг нь бол бидэнд өдөр болгон, мөч бүрт талархах зүйл байж л байдаг. Үргэлж.
Үүнийгээ олж харах ухамсар, чадвар л бидэнд хэрэгтэй байдаг.
Энэ нь үндэс суурь нь ялзарч, өмхийрчихөөд байхад л түүнийг гоё өнгөөр будаж, алтаар бүрдэг, дээрээс нь тансаг үнэртэй сүрчиг цацдаг хортой эерэг байдлын (toxic positivity) тухай биш. Таагүй, гунигтай мэдрэмжүүдээ ч хажуу тийш нь далд хийж, нуух тухай ч биш.
Болохгүй, бүтэхгүй, бидэнд муухай мэдрэмж төрүүлж байгаа зүйлүүдийг бид мэдээж харж, мэдэж байгаа. Гол нь эдгээрт хамаг анхаарлаа өгч, үүн дотроо живэхгүй байх, ухамсартайгаар юу сайхан байна, юу надад сайн байна гэдэг дээр фокуслаж талархах тухай. Жижиг, том, онцгой, энгийн хамаагүй.
Талархал гэдэг бол бид өөрсдийн супер булчин болох тархиа дасгалжуулаад байвал илүү ихээр мэдэрч болдог биеэ даасан нэг том сэтгэл хөдлөл. Зуршил болгож чадвал бидний бие, сэтгэл санаа, оюун ухаанд хэмжээлшгүй тустай нь нотлогдсон зүйл.
Талархал мэдэрч, түүнийгээ илэрхийлэх нь тархины янз бүрийн хэсгийг идэвхжүүлдэгээс Сератонин, Окситоцин, Допамин ихээр ялгаруулж, биднийг жаргалтай болгож, сэтгэл гутралыг бууруулдаг.
Бид өөрсдийн доторх талархсан бодлоо чангаар гаргаж хэлэхэд, бусад хүмүүс бие биендээ тусалж, бие биенээ баярлуулж байгааг харахад бидний тархины урд хэсэг идэвхиждэг. Энэ хэсэг нь бидэнд тодорхой сэтгэж, эерэгээр бодож, ёс зүйтэй байж, шийдвэр гаргахад тусалдаг.
Амьдралдаа байгаа жижигхээн зүйлийг ч үнэлж, сайшаадаг байх нь стрессийг давж гарахад том дэмтэй. Талархлыг зуршил болгох замаар бид өөрсдийн тархин дахь замыг шинээр тавьж чадах нь саад, сорилтуудтай анхааралтай, сэргэг тархиар тулах чадамжыг олгодог.
Товчхондоо бол талархал нь:
- Сэтгэл гутралын эсрэг байгалийн эм
- Айдас, гунигийг багасгадаг
- Аз жаргалын хормонуудыг нэмэгдүүлдэг
- Тархины сэтгэл хөдлөл, ой санамжийг хариуцдаг хэсгүүдийг (Hypocampus, Amygdala) идэвхижүүлдэг
- Өвчин мэдрэлтийг бууруулдаг
- Нойрны чанар сайжирдаг
- Стрессээ удирдахад тусалдаг
- Хамгийн гоё нь бидний тархи үүнийг сурч чаддаг!!!
Тэгэхээр ирэх онд бүгдэд талархах зүйлс, мөчүүд олон, олон байх болтугай! Тэднийгээ олж харж, сонсож, мэдэрч чаддаг, илэрхийлдэг байгаасай! Өөртөө, хүүхдүүддээ, гэр бүлдээ таарсан талархлын зуршил, уламжлуудыг бий болгоорой.
- Талархалтай гэр бүл бол жаргалтай гэр бүл.
- Талархал нь гэр бүл эв найрамдалтай байхын түлхүүр.
- Талархал баяр хөөрийг нэмэгдүүлж, хэцүү зүйлийг ч хамтдаа даван гарахад туслана.
- Талархалтай гэрт хайр өдөр болгон өсөж байдаг.
- Байгаа сайхан, сайн зүйлсээ олж харж талархах нь гэр бүлийнхээ үнэт зүйлийг олж, амьдралынхаа хамгийн чухал зүйл дээр төвлөрөхөд тустай.
Талархая🙏
#жижигхэнхүмүүс