06/02/2026
Мандухай Кидс модель агентлаг олон улсын наадмаас “Шилдгийн шилдэг агентлаг”-аар шалгарч, Монгол хүүхдүүд бахархам амжилт үзүүллээ
БНХАУ, ӨМӨЗО, Хөх хот | 2026.01.18–01.19
Орос–Монгол–Хятад гурван улсын найрамдал, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Нэг бүс – Нэг зам” олон улсын хүүхдийн урлагийн наадам 2026 оны 01 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн Мандухай Кидс модель агентлагийн 19 модель, 2 охидын хамтлаг, 2 багш болон дэмжин туслах ээжүүдийн хамт нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцсон байна.
Наадмын хүрээнд Мандухай Кидс модель агентлаг “Модерн Мандухай” нэртэй үндэсний хэв маяг, орчин үеийн шийдлийг хослуулсан тусгай коллекцоор оролцож, 19 модель оролцсон тайзны үзүүлбэрээ толилуулсан нь шүүгчид болон олон улсын оролцогчдын өндөр үнэлгээг авч, “Шилдгийн шилдэг агентлаг” хэмээх нэр хүндтэй шагналын эзнээр тодорлоо.
Мөн тус агентлагийн уран бүтээлч хүүхдүүд дараах төрлүүдэд амжилттай оролцож, шагнал хүртсэн байна. Үүнд:
• “Шилдэг хамтлаг дуу” төрөлд – Sunny Girls хамтлаг
• “Шилдэг бяцхан хамтлаг” төрөлд – Shining Light хамтлаг
Түүнчлэн авьяас чадвар, тайзны ур чадвар, оролцоогоороо онцгойрон:
Э. Анаргоо, Б. Цэцэнбилиг, Т. Гэгээ, А. Энхрийлэн нар “Шилдгийн шилдэг хүүхэд” өргөмжлөл хүртэж, Монгол хүүхдүүдийн авьяас чадварыг олон улсын тайзнаа амжилттай таниуллаа.
Энэхүү амжилт нь хүүхэд багачуудын уйгагүй хөдөлмөр, багш нарын мэргэжлийн ур чадвар, эцэг эхчүүдийн идэвхтэй дэмжлэгийн үр дүн бөгөөд Монгол Улсын хүүхдийн урлаг, модель урлагийн хөгжил олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болсныг илтгэсэн чухал үйл явдал боллоо.
Цаашид Мандухай Кидс модель агентлаг нь хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшинд Монголын ирээдүй болсон авьяастнуудыг бэлтгэх үйлсэд улам их амжилт гарган ажиллах зорилт тавин ажиллаж байна.