20/06/2026
Х. ЗАГАРЗҮСЭМ: 10 ЖИЛИЙН ДАРАА ЯМАР УР ЧАДВАРТАЙ ИНЖЕНЕРҮҮД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИН АВАХ ВЭ?
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад сүүлийн 20 жилд инженерийн мэргэжил хурдацтай өөрчлөгдөж байна. Өмнө нь үйлдвэрлэл, барилга, хими, харилцаа холбоо, уул уурхайтай холбогдож төсөөлөгддөг байсан инженерүүд өнөөдөр хиймэл оюун, роботикс, сэргээгдэх эрчим хүч, кибер аюулгүй байдал, нано инженерчлэл, сансрын технологи зэрэг шинэ салбаруудад шилжиж байна.
Тэгвэл одоогоос 10 жилийн дараа буюу 2035 онд хамгийн “үнэтэй” инженер хэн байх вэ? Энэ асуултын хариулт нь зөвхөн өндөр цалин биш харин эдийн засаг, технологийн хөгжилд хамгийн хэрэгцээтэй, ховор ур чадвартай инженерүүдийг хэлнэ. Дэлхийн эдийн засгийн форм, ирээдүйн ажлын байрны тухай мэдээлэл дээр үндэслэн дараах инженерийн чиглэлүүдийг гаргаж байна.
1. Хиймэл оюуны инженерүүд. Зөвхөн код бичиж, загвар сургадаг инженер хангалтгүй болж байна. Үйлдвэрлэл, уул уурхай, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг салбарт хиймэл оюуныг нэвтрүүлж, автономит систем бүтээдэг инженер хамгийн эрэлттэй байх болно. Мөн хиймэл оюуны шийдвэрийг ёс зүйн хүрээнд хянаж, олон системийг найдвартай холбодог системийн нэгтгэгч гэгдэх инженерүүдийн үнэ цэнэ өснө.
2. Кибер аюулгүй байдлын инженерүүд. Өнөөдөр банк, дата төв, эрчим хүчний систем, төрийн үйлчилгээ бүгд дижитал хэлбэрт шилжиж байгаа үед мэдээллийн аюулгүй байдал улс орны стратегийн асуудал болж байна. Дэлхий даяар кибер халдлага нэмэгдэж буй энэ үед системээ хамгаалж чаддаг инженерүүд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүдийн нэг байх болно.
3. Ногоон эрчим хүч, тогтвортой байдлын инженерүүд. Устөрөгчийн технологи, ухаалаг эрчим хүчний сүлжээ, батерэй хураагуур, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг бүтээх инженерүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Монгол шиг нар, салхины нөөц ихтэй, нүүрсний баялагтай улсын хувьд ногоон эрчим хүчний инженерүүд ирээдүйн стратегийн мэргэжилтэн байх магадлалтай.
4. Роботикс, автоматжуулалт, био-дижитал интерфейсийн инженерүүд. Хүний тархи, мэдрэлийн системийг технологитой холбож, ухаалаг хот, ухаалаг үйлдвэр, эмнэлгийг бүтээх чадвартай мэргэжилтнүүд эрэлт ихтэй байх болно. Квант холбоо, квант тооцоолол, биотехнологи (хүнс, генетик инженерчлэл) чиглэлүүд ч шинэ боломж, инженерийн ажлын байрыг шинээр бий болгоно. Тухайлбал “Сансрын биологийн инженер (space biological engineering) гэдэг мэргэжил сансар судлал, биологи, механик гэсэн гурван салбарын уулзвар дээр үүсэж байгаатай адил салбар хоорондын инженерийн мэргэжлүүдийн эрэлт нэмэгдэнэ.
Эндээс үзвэл дэлхий даяар үйлдвэрүүд ухаалаг автоматжуулалт руу шилжиж байгаа энэ үед механик, электроник, хиймэл оюуныг хослуулсан инженерүүд хамгийн өрсөлдөх чадвартай байна. ШУТИС-д робот ба хиймэл оюун гэсэн сургалтын хөтөлбөр 2020 оноос хойш хэрэгжиж байна.
Ирээдүйн хамгийн үнэтэй инженерийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол зөвхөн техникийн мэдлэг биш юм. Харин олон салбарыг холбож чаддаг, шинэ технологийг хурдан суралцдаг, багаар ажиллах чадвартай инженерүүд хамгийн үнэ цэнтэй болно. Өөрөөр хэлбэл “зөвхөн инженер” биш, харин асуудал шийдэгч инженерүүдийн эрин эхэлж байна.
Иймээс өнөөгийн оюутан, залуу инженерүүд:
1. Асуудлыг олон өнцгөөс шийдэх чадвар
2. Шинэ санаа гаргах чадвар
3. Хүний сэтгэл хөдлөлийг ойлгох, хамтран ажиллаж амьдрах чадвар
4. Баг удирдах, шийдвэр гаргах
5. Хиймэл оюуныг ашиглан илүү бүтээмжтэй ажиллах чадварыг дипломоос гадна эзэмшвэл хиймэл оюунд ажлын байраа алдахгүй юм.
Монгол Инженер сонины дөрөвдүгээр сарын дугаараас.
Мэргэжил сонголтоо хийж чадахгүй байгаа хүүхдүүд үүнийг заавал уншаарай.
Ихэнх эрэгтэй хүүхдүүд Инженер болно гэдэг. Яг юуны гэхээр хэлж чаддаггүй шүү. Сайн эрж хайж өөрийнхөө дуртай чаддаг ур чадвараа ойлгож байж ирээдүйн эрэлттэй гээ нийцүүлээд сонголтоо хийгээрэй.