09/07/2026
МОРИН ЖИЛИЙН МОРЬ САРЫН БИЛЭГТ САЙН ӨДӨР
“МОРИН ЭРДЭНЭ”-ИЙ ХӨШӨӨ, ДУРСГАЛЫГ ЗАЛАВ.
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар жил бүрийн 7 сарын 11-ний өдрийг ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР болгон тэмдэглэж байх тогтоолыг НҮБ- Ассамблейн 79 дүгээр чуулганы 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар баталсан.
Үй Цай сургууль нь өнгөрсөн жилүүдэд Монголын нууц товчоо, Морин хуур, Чингис хааны хөргөө хүндэтгэн залж байсан бол өдгөө дэлхийн адууны өдрийг тохиолдуулан морин жилийн морь сарын билэгт сайн энэ өдөр Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Ардын зураач Ш.Чимэддоржийн “ХОНИНЫ МОРЬ” хэмээх алдарт бүтээлийг Монгол Улсын Гавьяат багш Данжингийн Баяраа захирлынхаа гэгээн дурсгалд мөнхжүүлэн дээдлэн заллаа.
Уг хүндэтгэлийн үйл ажиллагааг Үй Цай сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Д.Цэцэгмаа, Б.Пүрэврагчаа нар үг хэлэн нээж, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Ардын зураач Ш.Чимэддорж гуай өөрийн “ХОНИНЫ МОРЬ” бүтээлээ дотны найз МУ-ын Гавьяат багш Д.Баяраадаа зориулан бүтээсэн тухайгаа дурдан, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт, Хүүхдийн зохиолч О.Сундуй багшийнхаа гэгээн дурсгалд зориулан “Багш” шүлгээрээ мялаалга өргөн, Монголын зохиолчдын эвлэлийн болон Сэр-Одын шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Н.Минжинсайхан 3 хоногийн өмнө тэрлэсэн “Асгал хурд дүрэлзэнэ” шинэ шүлгээ дуудан, удахгүй дуу болгон энэхүү морин хөшөөнийхөө өмнө дахин эгшиглүүлэх болноо.. гэж хэлэн, Хүмүүн бичиг сонины ахлах редактор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа хүүхэд насандаа зохиосон “Хонины морь” шүлгээ уншиж хүндэтгэл үзүүллээ.
Мөн багш, сурагч, эцэг эх, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.
Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр “ХОНИНЫ МОРЬ” яруу найргийн наадмыг хүүхэд, багачуудын дунд зохион байгуулахаар боллоо.
САЙН САЙХАН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.