27/12/2025
Xоёр дугуйтай орос хөнгөн морин тэрэг хөлөглөн яваа бүсгүйчүүлийн гэрэл зурагт орой дээрээ мөнгөн гоёлтой, эрдэнийн чулуун нүдтэй, дүгрэг хилэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, мөнгөн шанаавч, цардсан үстэй, цардсан үсэндээ гурван мөнгөн хавчаартай, гэзгээ гурваар сүлжсэн, ботгон мөртэй, салбан нударгатай, одон хээтэй монгол дээл ижилсүүлэн өмссөн хоёр бүсгүйн баруун талынх нь жолоо барин суужээ.
Зүүн гар талд мөөмөн оройтой малгай духдуулсан, чихэндээ ээмэгтэй, энгийн монгол дээл өмссөн охин зэрэгцэн суужээ.
Xаант Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец “Монголд өнгөрүүлсэн есөн сар” номдоо:
“...Чинээлэг хүмүүс, ноёд дээдэс нь Оросоос худалдаж авсан сүйх тэрэг, хөнгөн тэргэнцэр унана. Зарим нь бүр орос морьдтой..” хэмээн бичжээ.
07/12/2025
БНМАУ-ын анхны баатар (1936 он) Шагдарын Гонгор, гэргий Цэсмээ, хүү Дмитрий нарын хамт, 1940-өөд оны эхэн үед.
#түүх #Монголынтүүх
06/12/2025
"Япон" А. Данзан
Ажваагийн Данзан Олноо өргөгдсөн Монгол улсын үед тагнуулын албанд элсэж, Ардын Засгийн эхний жилүүдэд үүргээ биелүүлсээр байв. А. Данзан Япон, Манжуурын чиглэлд тагнуулын ажиллагаанд оролцож байсан учир Солийн Данзангаас ялгахын тулд "Япон Данзан" гэх хочтой болжээ. А. Данзан 1921 онд Монгол Ардын Намд элсэж, 1922-1923 онд Намын Төв хорооны дэд дарга, 1923-1924 онд Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан.
Тэрбээр 1924 оны 11-р сард Монгол улсаас ЗХУ-д суух Бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр томилогдсон байна. 1925 оны зургаадугаар сард А. Данзан элчингээс бууж, Ганжуурын (Цээжидийн) Гүрсэд Монголын элчин төлөөлөгчийн түр хамаарагчаар гурван сар орчим Москвад суужээ. Г. Гүрсэдийн дараа 1925 оны есдүгээр сард Б. Буянчуулган ЗХУ дахь Монголын Бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр томилогдож ирсэн.
Ажваагийн Данзан 1926-1928 онд Хятадад худалдааны төлөөлөгчөөр Бээжин, Шанхай, Тяньжин, Харбин зэрэг хотуудад суужээ. 1929-1931 онд Судар бичгийн хүрээлэнд Агданбуугийн Амар сайдын удирдлаган дор ажиллаж байгаад 1932 онд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү, баруунтан гэгдэн баривчлагджээ. А. Данзан шүүх хурлаа хүлээж амжилгүй, 1932 онд шоронд нас нөгчжээ.
Зургийн тайлбар:
Зүүн гар талаас: ЗХУ-ын Төв Гүйцэтгэх Хорооны нарийн бичгийн дарга А. ЕНУКИДЗЕ, Москва дахь Монголын Элчин төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ганжуурын (Цээжидийн) ГҮРСЭД, ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссарын орлогч М. ЛИТВИНОВ, ЗХУ-д суух Монголын Бүрэн эрхт Элчин төлөөлөгч Ажваагийн ДАНЗАН ("Япон" ДАНЗАН), ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар Г. ЧИЧЕРИН нар зогсоно. А. Данзангийн ард зогсож байгаа хүн бол хэлмэрч Даш САМПИЛОН юм.
ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар Г. Чичерин Монголын элчин төлөөлөгчдийг хүлээж авах үедээ монгол үндэсний дээл хувцас өмсчээ.
1925 оны тавдугаар сар. Москва хот.
#ЯпонДанзан
06/12/2025
Манж Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пү И шал угааж буй нь.
Айсиньгиоро Пү И (1906–1967; 61 насалсан). Манж Чин гүрний арван хоёрдугаар эзэн хаан. 1908-1912 онд хаан ширээнд суусан. Оны цолыг монголоор "Хэвт ёс", манжаар "Гэхүнгэ ёсо", хятадаар "Шюаньтун" гэдэг байв.
1933 оноос Японы байгуулсан тоглоомын МанжГо улсыг тэргүүлж, 1934-1945 онд "Кандэ" хэмээх оны цолыг хэрэглэж байжээ. 1945-1950 онд ЗХУ-ын, 1950-1959 онд Хятадын шоронд хоригдоод суллагдаж, Мао Зэдуны зөвшөөрлөөр Бээжингийн ойролцоо амьдрах болсон. Тэрээр анх Ботаникийн цэцэрлэгийн механик засварын газарт ажиллаж, дараа нь Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дэргэдэх Утга зохиол, түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллажээ.
29/11/2025
Өндөр Гонгор, Өндөр Нанзад нар хаант Орос улсад:
1913 оны аравдугаар сарын 30-нд хаант Орос улсад одсон Олноо Өргөгдсөн Монгол Улсын төр засгийн төлөөлөгч 26 хүний нэрсийн жагсаалтын сүүлийн хоёрт нь цэрэг дарга Гонгор, цэрэг Цэрэнжанцан гэж бичжээ. Ийнхүү Орос улсад одох өндөр Гонгор, Цэрэнжанцан хоёрт тус бүрт нь дөчин таван хурганы арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, товь малгай өмсгөж, цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу (маузер) зүүлгэн Ерөнхий сайд Сайн ноён хан Т. Намнансүрэнгийн хамт баруун зүүн талд нь салалгүй дагах бие хамгаалагч цэргээр томилон явуулсан гэдэг. Харин бие хамгаалагч цэрэг Цэрэнжанцан хаант Орос улсын нийслэл Петербург хот орох замдаа нэгэн жижиг хотод очиж хоноглох зуур чулуун шатны гишгүүр дээр халтирч унаж, хүндээр бэртсэн учир цааш яваагүй ажээ. Түүний оронд Бүгд ерөнхийлөн захирах яамны хаалганы дарга байсан Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны өндөр Нанзад гэгчийг маш яаравчлан дуудуулж өндөр Гонгорын хамт бие хамгаалагч цэрэг болгожээ.
Зургийн тайлбар:
- Хаант Оросын хэвлэлд “-Монгол цэргүүд өөрсдийгөө үзүүлж мөнгө олж болох улс байна. Ер бусын өндөр. Тэдний нэг нь 257 см, нөгөө нь 244 см өндөртэй” гэжээ.
- Арши́н (арш.), вершо́к (вер.) нь хаант Оросын үед хэрэглэж байсан уртын хэмжүүрүүд бгөөд 1 арш=71.12 см, 1 вер.=4.44 см юм. (А.Г)
Тайлбар:
✅Энэ гэрэл зургийн голд зогсож байгаа хүнийг Сайн ноён хан Т. Намнансүрэнтэй андуурч тайлбарласан тохиолдол нэлээд байдаг.
1913 оны эцсээр Сайн ноён хан Т. Намнансүрэнг дагаж хаант Орос руу явсан 26 хүний нэрсийн жагсаалт архивт бий. Сайд, хатан, орчуулагч гээд мэдээжийн хүмүүсийг хасахад цаана нь зүсэн зүйлийн лам нар, хиа, дагалт, хүүхэн, замч (тогооч) гээд олон хүмүүс үлдэнэ.
Тэгэхээр энэ хүн xэн бэ гэдгийг мэдэх амаргүй. Энэ хүн ямар ч байсан лам, эмч биш. Тэгэхээр хиа, дагалтуудын нэг болов уу. Би хувьдаа жагсаалтын 14-т бичигдсэн тэргүүн зэргийн хиа Намхайсэнгэ байж магадгүй гэж тааварлаж байна (А.Г).
✅Өндөр Нанзадын эхнэр бол Ухаа хамбын Долгорсүрэн хэмээн олонд алдаршсан, Богдын хатан Дондогдуламын хувцас оёдог үйлэнд уран хүн байжээ. Өндөр Нанзад, Долгорсүрэн нарын дундаас төрсөн хүү нь хүний их эмч, хувраг Дашзэвгэ гуай юм (З. Лонжид).
✅ТОВЬ гэж эртний монголчуудын хэрэглэж байсан нэг төрлийн гэр сууцны нэршил. ТОВЬ гэрийг дууриалгаж хийсэн дөрвөн талт саравчтай малгайг ТОВЬ малгай гэдэг байжээ. Товь малгайны зарим хувилбарыг цэргийн дуулган дотор өмсдөг байжээ.