82-р сургуулийн 8-р ангийн дүү нартаа "Мэргэжил сонголт"-д хэрхэн хандах болон одооноос өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар лекц уншлаа 😇
Дүү нартаа амжилт хүсье 🙏
Social Educator
Амжилт, аз жаргалын арга замыг эрэлхийлэгч хэн бүхэнд...
20/05/2026
Хүн нь л хөгжихгүй бол өөр бусад юу нь ч хөгжөөд хүсэмжит ирээдүй бодит болох нь үгүй.
Харин ч эсрэгээрээ хүнээ улам бүр сул дорой болгох эрсдэлтэй.
Тиймээс хөгжлийн эцсийн зорилго бол хүний сайн сайхан байдал, улсын урт удаан, эмар тайван оршин тогтнолтой холбоотой гэдгээ үл умартан хүнээ хөгжүүлэхийг эн тэргүүнд тавь. Арга ядлаа гэхэд бусад зүйлстэйгээ зэрэгцүүлэн хөгжүүлэхийг эрмэлз.
Ямар ч үзэл санаа, арга техникийн талаар ярихдаа хүн нь бэлэн үү гэдэг талаар авч үзэх ёстой. Хүн нь бэлэн болсон цагт бусад зүйлийн талаар ярих ёстой.
15/05/2026
Зөв зүйл дээр эвдрэлцэх нь тун муу
Буруу зүйл дээр эвлэрэх нь бүр ч муу
Зөв зүйл дээр эвлэрч явбаас тун сайн
Буруу зүйл дээр эвдрэлцэх нь муу биш
14/05/2026
Оршихуй буй болвоос урагшах л ёстой
Орчихуй буй бөгөөс зохицох л ёстой
Аливаа амьд оршихуй нэгэнт жам ёсоор үүсэн бий болсон бол оршин тогтнох байдлаа хадгалах хуулийн дагуу амьдрах үйлээ хийж эхэлнэ.
Үүнийг хүн дээр буулган үзвэл 200 дэд системд хуваагдан ажиллах 37 их наяд эсийн зорилго нь оршихуйгаа хадгалах, хамгаалах горимоор ажиллана.
Тиймээс нэгэнт оршихуй эхэлсэн бол өөрөө жам ёсоор замхрах хүртэл нь өрөөл бусад болон өөрөө хүчээр зогсоох гэж оролдох ямарч сэдэл, үйлдэл гэмд тооцогддог нь зүй ёсных юм.
Иймд оршин буй бол урагшлах үйлээс өөр сонголт үгүй тул эвээ олоод урагшлах л ёстой. Урагшлах үйл нь өөрөө орчих хөдөлгөөн мөн тул олон орчихуйн дунд зөрчил, мөргөлдөөн бий болох магадлал өндөр учир зохицох ухаан заавал шаардагдана.
Үүнийг ухаж ойлговоос амьдрахуй утга учиртай, үр дүнтэй болж, оршихуй чинь үнэ цэнтэй, орчихуй чинь зүй зохистой болно.
Оршихуй буй болвоос урагшах л ёстой
Орчихуй буй бөгөөс зохицох л ёстой
11/05/2026
Хүн гэгч амьтан хэн нэгний өмнө үүрэг хүлээх, аливаа ажлыг хариуцах, зорилгоор өөрийгөө сэдэлжүүлэх зэрэг ямар нэгэн байдлаар өөрөө ухамсарт үүрэг, хариуцлага бий болгохгүй л бол үр бүтээл гаргах, өсөж хөгжих нь үгүй.
Учир нь хүн нэгэн төрөл биологийн амьтан болохынхоо хувьд аюулгүй, асуудалгүй байдал, тав тухыг эрэлхийлж, аль болох нөөц бага зарцуулан удаан оршин тогтнох системийн үйл ажиллагаа бүхий мөн чанартай.
Энэ зөнг ялан дийлэхэд сэдэл, зорилго, үүрэг, хариуцлага л хүнд тусалдаг.
Зорилго нь чин хүслийнх биш, хэний ч өмнө үүрэг хүлээдэггүй, аливаа хариуцлагыг үл ойшоодог хүний хувьд идэвхгүй амьдралынхаа хэв маягт шигдсээр амьдрах утга учир гэж мэдэхгүй, амьдарсан хугацаа нь үр дүнгүй дуусдаг.
Ийм хүн төрх нь хүн боловч, төлөв нь амьтан мэт болой.
Байгууллагын соёл дахь ойлголтын төөрөгдлийг засаж байж манлайлал илүү үр дүнтэй болно.
08/05/2026
Хүсэл мөрөөдөл, зорилго, үүрэг хариуцлага чинь чамайг хангалттай идэвхжүүлж чадахгүй байгаа бол чи буруу зүгрүү, буруу замаар, буруу хүмүүстэйгээ яваад байна гэсэн үг.
Энэ бүхний шалтгаан нь чи өөрийнхөө хэн болохыг, юу хүсдэг болохыг, юу хийж бүтээхийг зорьдог болохоо таниагүйтэй хообоотой.
Асуудал бусдад бус чамд, гадаад ертөнцөд бус дотоод ертөнцөд чинь буй.
Идэхийн тулд амьдардаггүй, харин амьдрахын тулд л иддэг гэдгийг ойлгуулаад, цаашид юуны төлөө амьдрах вэ гэдгээ эргэцүүлэх, олоход нь тусалж байж сайн манлайлагч болж чадна.
24/04/2026
Хэмжээ, хязгаарыг үл ойшоогчид
Хэнээс ч илүү хол явж
Хүссэн бүхнээ авч чадах ч
Хэтдээ оршихуйн үндсээ сүйтгэнэ.
Болох, болохгүйг үл ойшоогчид
Бусдаас илүү хол явж
Барж дийлэхгүй хөрөнгө хураавч
Балаг нь юунаас ч илүү хортой.
Хүн бүр хүссэнээ хийвэл
Хүн хүндээ итгэхээ больж
Хамтдаа амьдарч чадахгүй тул
Хэмжээ, хязгаар л шийдэл болдог.
Бүл, баг, нийгэм, улсын
Бат суурь нь итгэл тул
Хүсэл шуналаа хойш тавьж
Хэмжээ, хязгаартай амьдарч сур.
Ойр зууртаа хүслээ гүйцээж
Алс хэтдээ улсаа сүйтгэсэн
Охор бодолтны үйлээр амьдрах нь
Амтат хоронд дурлахтай адил.
07/04/2026
Байхгүйд донтохуй
Хүн анх үүссэн цагаасаа л туйлын сул дорой төрөл зүйл байсан бөгөөд бусад амьтдын адил араатнаас өөрийгөө хамгаалах төрөлхийн өгөгдөл гэх зүйл байсангүй.
Магад тиймээс ч оюун ухаан нь хөгжиж, амьдрах чадварыг нь тэтгэх хувьслын тохироо бүрдсэн биз.
Оюун ухаан нь хөгжихийн хэрээр сул доройгоо нөхөхийн тулд байгалийн эд зүйлсийг ашиглаж эхэлсэн нь хүн төрөлхтний соёл иргэншлийн суурь болж чулуун зэвсгийн үеийг эхлүүлсэн байж ч болно.
Гэвч хүн хэдий ухаантай болсон ч сул доройгийн мэдрэмж нь арилсангүй. Арга ч үгүй биз. Хэдэн сая жилээр үргэлжилсэн амьд үлдэхийн төлөөх тэмцэл, түүнд дасан зохицож хөгжсөн зөнгийн кодчлолыг хэдхэн арван мянган жил үргэлжилж буй ухамсрын хөгжил тийм ч амар ялан дийлэхгүй.
Ингээд хүн гэгч дутуугаа нөхөж хүчирхэг болохын төлөөх аянд гарч, тэр нь үргэлж өөрт өгөгдөөгүй, байхгүй зүйлсийг өөрийн болгосноор биелэх ухамсарт хүслээр жолоодогдсоор төгс төгөлдрийн туйлшралд автав.
Үүнээс л байхгүйд донтохуй эхэлсэн болно.
Учир нь өөрийн болгохыг хүсэж байна гэдэг нь өөрт байхгүйн тод илрэл. Хамаг хүчээ шавхсаар өөрийн болгож авсан ч дараагийн байхгүй зүйлсийг хүсэж эхэлнэ.
Нэгэнт хамаг бодол санаа, хүсэл, анхаарал нь байхгүй зүйлд төвлөрч байгаа үед хүнд хоёр мэдрэмж бий болно. Нэгдүгээрт, байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй болох. Хоёрдугаарт, байхгүй зүйлээс ямар нэгэн зүйл мэдрэх боломжгүй учир үргэлж сэтгэл дундуур байх.
Энэ сэтгэлгээний хэв маяг нь хүнийг хэзээ ч жаргаж чаддаггүй нэгэн болгож хувиргасан. Учир нь байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй хүн хэрхэн жаргах билээ. Мөн байхгүй зүйлсийг хүсэж буй хүн хэрхэн сэтгэл амар байх билээ.
Байхгүйд донтсон хэмээхийн учир нь байгаа зүйлсээ үл хайхрах хэр нь байхгүй болсон хойно нь харамсаж, гашуудна. Элэг бүтэн байхдаа хайхрахгүй боловч эмтрээд алга болсон хойноо үгүйлж харамсах бол нэг л тод жишээ.
Байхгүй зүйлийг хүсэж хамаг цаг, хүч, анхаарлаа зориулна. Байгаа зүйлсээ үгүй болсон хойноо харамсана. Хүний анхаарал гэгч дандаа байхгүй зүйлсдээ л төвлөрдөг нэг төрлийн донтолттой болжээ.
Хэрвээ та сэтгэл амар, жаргалтай амьдралыг хүсэж байвал яг одооноос байгаа зүйлсээ үнэлж, хайрлаж, байгаа зүйлсдээ талархаж эхэл. Ингэж байж л бид энэ донтолтыг ялан дийлнэ.
Энэ нь зорилгогүй, мөрөөдөлгүй амьдар гэсэн үг биш. Зорилго, мөрөөдөл бол оршихуйн үнэ цэн, амьдралын утга учиртай холбогддог тул зайлшгүй чухал. Харин энэ нь хүсэл, шуналаа хязгаарлаж сурах ухамсарт үйлийн тухай юм. Эдгээр нь хоорондоо тэнгэр, газар мэт ялгаатай.
Үнэ цэнтэй оршихуй, утга учиртай амьдрал, байгаа зүйлдээ талархаж амьдрах чадварыг хослуулж чадвал тэнцвэрт хадгалагдаж, аз жаргалтай амьдрах боломж бүрдэнэ.
06/04/2026
"Эрсдэлийн шийдэл" ХХК-ийн хамт олонд "Хүний хөгжил байгууллагын үйл ажиллагаатай холбогдох нь" сэдвээр сургалт орлоо.
Click here to claim your Sponsored Listing.